Өнгөрсөн онуудын төсөв авилгад идэгдсэн төсөв байсан. Тиймээс ч өнгөрсөн онд улс эх оронд эдийн засгийн маш олон хүндрэлүүд гарах болсон. Иймд 2014 оны төсвийг сайтар нягтлаж, нарийн тооцоолон, үр ашиггүй зүйлд мөнгө зарлагадахгүй байхыг УИХ-ын гишүүд дор бүрнээ ярьж байгаа билээ.
Тэгвэл эл төсвийг авилгажуулахгүй байх гарц нь “Төсвийн шинжилгээний алба байгуулах” гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үзэн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Төсвийн шинжилгээний алба байгуулах тухай асуудлыг оруулж ирсэн юм. тэгвэл эл шинжилгээний албаны тухайд гишүүд ийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголын төр хяналт шалгалтын тогтолцоогоо сайжруулах цаг болсон. Төсвийг зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчид даалгах ёсгүй. Үүнээс болоод төсвийн хулгай гаарсан нь үнэн. ийм албатай болохыг дэмжиж байна”.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ийм алба байгуулж төсвийн мөнгийг үрснээс гишүүд зөвлөхүүдээ, Аудитын газраа ажиллуулах хэрэгтэй. УИХ-ын Тамгын газар ордонд багтахаа болиод байхад ажлаа сайжруулахын оронд орон тоо нэмэх нь буруу. Гишүүд дөрөв тавхан миллиард төгрөгийн дотор толгойгоо ажиллуулж чадахгүй байна уу?”.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Төсвийн шинжилгээний алба байгуулахыг дэмжихгүй. Агуулгын хувьд зөв ч арга хэлбэр нь оновчгүй байна. Энэ албыг парламентын дэргэд байгуулахаар Үндсэн хуультай зөрчилдөх вий гэж болгоомжилж байна. Харин төсвийг төлөвлөх, батлах, хянах чиг үүрэг дутмаг байгаа үед энэ чиглэлээр бодлогын шинэтгэл хийх нь зөв”.
Харин төслийг санаачлагч Ц.Даваасүрэнгийн үзэж буйгаар тус алба байгуулагдвал “Төсвийн байнгын хороо, бусад байнгын хорооодод дэмжлэг үзүүлэхээс гадна төсвийн хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ, байнгын хороодод танилцуулдаг болж. Хулгай ихэссэн, томоохон хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоолол орж ирдэггүй зэрэг дутагдал арилах” ажээ. Мөн тус алба нь УИХ-ын даргын мэдэлд ажиллах бололтой.
Л.Бадрах