Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн тахилгат Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар боллоо. Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байсан түүхтэй билээ. Тухайн үед Бурхан Халдун гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар буюу “Их хориг” гэж нэрлэж байсан түүх бий.
Манай улс өнгөрсөн жилээс эхлэн Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан, УИХ гишүүд Их Монгол Улс болоод Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь Монголчуудын түүх соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэн энэ шийдвэрийг гаргажээ. Ийнхүү Бурхан Халдун уул Үндэсний бахархалт хайрхан боллоо.