Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна.
Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхдугаар чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
– Ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.
–Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
–Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.
– Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан.
–Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ биелүүлсэнгүй.
-Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна.
–Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна.
– УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя.
–Монгол Ардын нам одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй.
–Монгол Ардын нам олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.
–Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.
–Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү.