Улсын Их Хурлын найм дахь удаагийн ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон 76 гишүүний Анхдугаар чуулган Төрийн ордны “Их Хуралдай” танхимд үргэлжилж байна.
Хуульд зааснаар өнөөдрийн чуулганаар УИХ-ын даргыг томилох ёстой. Тэгвэл хуулийн дагуу УИХ-ын 2020 оны сонгуульд 62 суудал авсан МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.
Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:УИХ-ыг сонгох найм дах удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинэ гишүүд тангаргаа өргөлөө. Байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. УИХ төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан ард иргэдэд талархал илэрхийлье. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, төрөө түших эрхэм хариуцлагатай эрхэм гишүүдэд баяр хүргэе. Улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгох итгэл гэж үзэж байна. Монголын сайн сайхны төлөөх ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх байхгүй . Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд оногдож байна.
Тиймээс УИХ нэн яаралтай ажилдаа орж, хуулийн реформ, эдийн засгийн реформ, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, төрөө төвшитгөх сайн засаглалыг бий болгож ёс зүйг сахиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, Хянан шалгах дэд хороог яаралтай байгуулах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг таван чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно.
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд цаг үед амрах зав байхгүй. Тиймээс хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсч байна” гэж мэдэгдлээ.