Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

zasagЗасгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ нь Хятадын шинэ үеийн удирдлага сонгогдсоноос хойш манай талаас өндөр, дээд түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал байсан учир хоёр талаас ихээхэн ач холбогдол өгснийг тодотголоо. Хоёр улсын цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжийг өргөн хүрээнд ярьж, тодорхой зорилт, төлөвлөгөө дэвшүүлсэн нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болно гэж дүгнээд, айлчлалын дүнг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хамт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.

Ажиллах хүчнийг ур чадваржуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Ажил олгогчийн шаардлага өсөхийн хэрээр ажиллах хүчний ур чадварыг богино хугацаанд дээшлүүлэх сургалтын шинэ арга барил шаардагдаж байна. Энэ чиглэлээр хамгийн үр дүнтэй арга технологийг санал болгож, хамтран хэрэгжүүлдэг “Дэлхийн ур чадвар олон улсын байгууллага” (World Skills International)-д гишүүнээр элсэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Энэ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

Энэ оны 7 дугаар сарын эхээр Германы Лайпциг хотноо болсон “Дэлхийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс туршлага судлаад ирсэн яамд, мэргэжлийн холбоод, Хөдөлмөрийн төв бирж, сургалтын байгууллагуудын зүгээс хамтын ажиллагааны энэ саналыг дэвшүүлжээ.

Олимпийн наадамтай дүйцэхүйц нэр хүнд, өрсөлдөөнтэй тус тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн ур чадвар олон улсын байгууллагатай манай тал сүүлийн хоёр жил харилцаж, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар ярилцжээ. Мэргэжилтэй ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, шилдгүүдийг өндөр үнэлгээтэй ажлын байртай болгоход энэ байгууллагын жишгийг авч хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам өнгөрөгч 9 дүгээр сард “Монгол ур чадвар 2013” тэмцээнийг мэргэжлийн дөрвөн чиглэлээр зохион байгуулсан юм. 

Гадаад улс орнуудад иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби, Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Ингэснээр Монгол Улс одоогоор 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна.

 

·     –    Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

·    –     НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэл хоногоор хоёр талын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан юм.

·     –    Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар боллоо. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг “сервис паспорт” (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлууд гарчээ. Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт (official passport), Польш улсын албан паспорт (service passport) байхаар нэмэлт тодруулга хийлээ.

Товчхон:

  • – Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны өнөөдрийн байдлаар дээрх 9 оронтой хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа юм. 
  • – 2013 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймгуудад гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход зориулан Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг 2013 оны IV улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Эрчим хүчний сайд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …