УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Сайдад нэр дэвшигчид чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүд Дарханы замын ажлын явцын талаар Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л. Халтараас тодрууллаа.
Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л.Халтар“Дарханы замын хувьд нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Б.Жавхлан гишүүн надаар хугацаа хэлүүлэх гээд байна. Би ойлгож байна. Гэхдээ зам барилгын ажил дээр хүндрэлүүд нэмэгдсэн. Хамгийн нэгдүгээрт манай улсад цементийн хомстлын асуудал үүсчихлээ. Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тонн цемент хэрэгтэй байгаа. Тэгэхээр цементийн үйлдвэрээс бүгдийг нь нийлүүлнэ гэдэг хүндрэлтэй байна.
Хоёрт, БНХАУ-аас орж ирэх инженер техникийн ажилтнуудын орж ирэх хугацаа сунасан. Анх гуравдугаар сарын 15 гэхэд орж ирээд дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ажил эхэлнэ гэж тооцоолж байсан. Харамсалтай нь төлөвлөснөөр болсонгүй. Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. 1,3,5 гэсэн багцын ажил нааштай, найдвартай байгаа.
Зам барилгын ажил дээр хамгийн чухал нь гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц гэсэн ажил байгаа. 1 дүгээр багц дээр энэ ажил 100 хувь дууссан. Дарханаас гарах хэсэг дээр 85 орчим хувьтай явж байна. Сүүлийн хоолойны цутгаландаа орсон. 2,4 дүгээр багцын ажил хүнд байна. 14 сая ам.долларын өртөгтэй багц дээр маш хямд үнээр өрсөлдөж орж ирсэн БНХАУ-ын компаниуд орж ирээгүй байна” гэж хэллээ.
Харин энэ үеэр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л. Халтарт хандан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Г. Дамдинням “Зам, тээврийн хөгжлийн сайд болох Л.Халтар танд хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаа Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудлыг таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна. Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Г. Дамдиннямаас зургадугаар сарын 29-ны өдөр СЕХ-ноос гишүүний үнэмлэхээ гардан авах үед нь “Таны хамгийн түрүүнд хийх ажил чинь юу вэ”? гэж асуухад тэрбээр “Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил хамгийн түрүүнд Дарханы замын засварыг дуусгана” гэж хариулж байсан юм.