УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдийг ажил үүрэгтээ эзэн болж, хариуцлагатай ажиллахыг захилаа

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов.

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Төрийн сүлдний өмнө, төрийн эрх барих дээд байгууллагадаа Та бүхэн тангараг өргөлөө. Үүгээрээ Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрд тангараг өргөж байгаа анхны сайд нар болж буйгаараа онцлогтой юм гээд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ерөнхий сайддаа түшиг тулгуур болж, ажил үүрэгтээ эзэн болж хариуцлагатай, эрчтэй ажиллахыг шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд захилаа.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …