Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
Гэхдээ нүүрсний экспортыг сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 2.36 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт буурсан хэдий ч аажмаар сэргэх хандлагатай байна. Манай улс тавдугаар сард 2.17 сая тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад зургадугаар сард экспорт 191 мянган тонноор буюу 8%-иар нэмэгджээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар