Архангай аймгийнхан 26 ажилтандаа 42 өрөөтэй захиргааны барилга барьж өгч байна.
Орон нутагт тэр тусмаа сумын төвийн засаг дарга нар төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарж байгаа талаар иргэдээс гомдол ирсний дагуу “Олны үг ортой эсэх”-ийг шалгаж үзлээ. Үнэхээр орон нутагт төсвөөс хуваарилж өгсөн хэдэн төгрөгийг иргэдийн амьдралд ямар ч нэмэргүй, хэрэгцээгүй зүйлд зарцуулдаг жишээ олон байна. Энэ бүхнийг Архангай аймгийн Хашаат суманд баригдаж буй хоёр давхар захиргааны барилгаас харж болно. Хашаат сумын захиргаа 26 ажилтандаа 650 сая төгрөгөөр контор барьж байснаа 42 өрөөтэй болгон өөрчилж, хөрөнгийг 1.1 тэрбум болгон өсгөжээ. Улсын төсвийг хувьдаа завшсан асуудал ингээд дуусахгүй гэдгийг уг сумын иргэд бидэнд хэлсэн юм.
Өнөөдөр тус барилгын ажил 50 хувьдаа ч хүрэлгүй хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар зогссон байна. Сумын засаг дарга өөрөө энэ бүхнийг тайлбарлахдаа “650 сая төгрөгөөр баригдаж байсан барилгыг 1.5 тэрбум болгож өсгөсөн гэж хүмүүс яриад байгаа. Яг үнэндээ 950 сая төгрөг л болгосон” хэмээн тайлбарлаж ярих юм билээ.
Төсвийн хөрөнгөөс нэмж мөнгө авчихаад зуны дэлгэр цагт захиргаагаа бариулж чадалгүй хүйтний улиралтай золгож байгаа нь хачирхалтай. Харин энэ бүх алдаагаа барилгын компани руу чихэж буй нь бүр ч харамсалтай. Одоогоор Архайнгай аймгийн Хашаат сумын ЗДТГ хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй байна. Мэдээж улсын төсвөөс барилгыг гүйцээж барих хөрөнгийг шийдвэрлэж өгөхгүй нь тодорхой.
Хэдэн зуун саяар хэмжигдэх мөнгөөр барьж болохоор сумын захиргаа тэрбумын хөрөнгө шаардлагатай болж буйгаас Монгол улсын авилгажсан төсвийн хор уршиг ямар хэмжээнд хүрснийг харж болохоор. Ер нь энгийн иргэдийн амьдралд ямар ч хувь нэмэр болохгүй бүтээн байгуулалт Хашаат суманд баригдах шаардлага байна уу. Захиргааны илүү өрөө энгийн иргэдэд хүртээлгүй нь ойлгомжтой, цаашид ямар зорилгоор ашиглах эсэх нь ч тодорхойгүй аж.
М.Амаржаргал
Эх сурвалж: Medee.MN