Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдэд хямд нүүрс нийлүүлэх ажлын хүрээнд Дархан хотын Захирагчийн албанаас 130 тонн Шарын голын нүүрсийг багуудаар дамжуулан иргэдэд олгож эхэллээ. Дарханы арван багийн 9676 өрх айл өвлийн турш 30416 тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсны дагуу Шарын голын уурхайгаас эхний ээлжинд 60 вагон буюу 3855 тн нүүрсийг хямд үнээр авахаар гэрээ хийжээ. Нүүрс буулгаж шуудайлан тээвэрлэж борлуулах ажлыг багууд өөрсдөө зохион байгуулж байна.
Нүүрсэнд ажиллагсдын ажлын хөлс, унаа тээвэр зэрэг бүх зардлыг нэг шуудай нүүрсний үнэнд шингээн, нэг вагоноос 1300-1360 шуудай нүүрс гарна хэмээн тооцож шуудай нүүрсийг 4500 төгрөг байхаар тогтжээ. Ирсэн нүүрсний чанар муу, хог шороо, хаягдал их байгаа нь нийт шуудай нүүрсний тоо буурахад нөлөөлж байгаа юм байна.