Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, дээд өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг бүрэн ашиглахын чухлыг тэмдэглээд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд эхлүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.
Элчин сайд Х.Кобаяши “COVID-19” цар тахалтай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцолж, Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши хамтын ажиллагааны уламжлалт салбаруудаас гадна мэдээллийн технологи зэрэг шинэ салбарт хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлов.
Талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар тохиров.