Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийслэлийн Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээж “Эхийн алдар” одон хүртсэн бөгөөд “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээж тус тус хүртлээ.
Харин Чингэлтэй дүүргээс 478 ээж “Эхийн алдар” одон хүртсэн бөгөөд “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 454 ээжид тус тус хүртээв.