Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавих тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субъектив санаа зорилго агуулсан зохицуулалт болсон тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг Монгол Улсын их хурлын тухай хуулиар биш Хууль тогтоомжийн хуулиар зохицуулж өгөх нь илүү зохимжтой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, харин Засгийн газрын асуудлаар хууль санаачлахгүй байх, хууль санаачлах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэхгүй байх тухайд анхаарах нь зөв гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэйг хэлээд мөн УИХ-д цөөнх болсон гишүүдийн санаачилсан хууль хэлцэгдэх боломж хаалттай байгааг засах ёстой гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахтай хамт УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр эргэн харах нь зөв хэмээсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71,4 хувь нь дэмжиж хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн үзлээ.