Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр орой 21.30 цагт (2020.08.20) ОУПХ-ноос зохион байгуулж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын Салбар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ.
Хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулъя.
Эрхэмсэг Спикерүүд ээ,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Юун түрүүнд Дэлхийн парламентуудын спикерүүдийн V хурлыг зохион байгуулж буй Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Австри Улсын парламентад талархал илэрхийлье. Цаг үеийн нэн чухал асуудлаар үг хэлэх боломж олгосонд баярлалаа.
“COVID-19” цар тахал дэлхийг нийтийг хамраад байна. Энэ өвчин дэлхий дахиныг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчиллөө. Ажил хэрэг явуулах уламжлалт аргуудыг цаашид ашиглах боломжгүй болж байна. Парламентуудын зүгээс ажил хэргээ явуулах шинэлэг арга, хэлбэрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Хүндэт парламентчид аа,
COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хууль тогтоогчид бид их зүйл хийх хэрэгтэй байна. Ажил хэргээ онцгой нөхцөлд, бэлэн байдлын горимоор зохион байгуулж, ирэх 12-18 сарын хугацаанд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэх, баялгийг тэгш хуваарилах, ногоон хөгжлийг эрхэмлэх зарчмаар улс үндэстнээ хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглал юм.
“Алсын хараа-2050”-д заасан зорилт, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид “Хөгжиж буй Монгол Улс 2020-2025” дунд хугацааны бодлого болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” богино хугацааны бодлогыг боловсруулж байна. Эдгээр бодлогын баримт бичгийн ач холбогдол нь цар тахлын дараах “шинэ, хэвийн байдал”-ыг тодорхойлоход оршиж байгаа юм.
2020 оны 4 дүгээр сард Монгол Улсын Их Хурал “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар хичээж байна. Түүнчлэн, УИХ-ын зүгээс дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн цахим үйлчилгээнд шилжих зэрэг санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах тухай тогтоол баталсан. Энэхүү тогтоол нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бизнесийг сэргээх зээлийн урсгалыг нэмэгдүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зээлийн хүүг бууруулж, гадаад валютын нөөцийг өсгөх, чадварлаг засаглалтай банкны салбарыг бий болгоход чиглэгдсэн болно.
Бүх дэлхий экспоненциал бэрхшээлийн хямралтай тулгарч байна. Дэлхий нийт энэхүү цар тахлын эсрэг оновчтой хариу арга хэмжээ авч, шинэ дэг журмыг тогтоож, дэлхийн хөгжил цэцэглэлтийг сэргээхийг эрмэлзэж байгаа энэ үед бид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, тогтвортой шийдэл олох чиглэлээр хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.