2012 онд хэвлэгдэн гарч байсан “The power of habit” ном нь “Хувь хүний зуршил бол амьдрал ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтийг авчрах хамгийн том хүч” хэмээх гол санааг агуулсан бөгөөд хувь хүмүүсийн бодит кэйс, компаниудын судалгаа дээр тулгуурлан зуршлыг энгийнээр тайлбарласан юм. Энэхүү ном 2014 онд монгол хэл дээр орчуулагдан гарсан.
Уг номыг гүйлгэж харахад зайлшгүй ширээнд байж их хугацаа зарж уншихаар ном биш хэдий ч өөрийн зуршлын талаар түүнийгээ хэрхэн удирдах, байгууллага нийгэмд хүмүүсийн зуршил хэрхэн нөлөөлдөг зэрэг талаар нилээд шинэ мэдлэг олж авахаар санагдсан тул тэмдэглэл хийн уншиж эхэлсэн билээ.
Номын гол санааг бүхэлд нь багтаагаад нэг өгүүлбэр хэл гэвэл, Күнзийн “Их битгий хий, Бага битгий хий, Өдөр бүр хий” гэдэг сургаалийг хэлж болохоор юм.
Номын эхний хэсэгт хувь хүний зуршлын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Би “зуршил” гэдэг ойлголтыг хобби байнга хийдэг зүйл гэж тодорхойлж байлаа. Гэхдээ энэ номыг уншиж эхлээд л зуршил миний тархины эд эс бүрд байгаа гэдгийг мэдсэн юм. Бид өдөр тутмын амьдралд хийж буй үйлдүүдээ бидний гаргасан сонголтоос маань шалтгаалан өрнөдөг гэж боддог ч үнэн хэрэгтээ бидний тархинд гүн үлдсэн зуршлаас ихэвчлэн шалтгаалдаг. Энгийн жишээ нь, би өглөө босоод заавал нэг аяга ус уудаг, усанд орж байхдаа үсээ эхэлж угаадаг зэрэг ихэнх үйлдлүүд( ихэвчлэн анзаардаггүй) маань хэвшил болсон учир, тархи бодох ч шаардлагагүй уг үйлдлүүдийг зуршлаараа хийсэн байдаг. Тэгэхээр надад миний байнга анзаарч бодоод байдаггүй хэдэн мянган зуршил байж болох нь вэ?
Хэвшмэл маягаар давтагдан хийж буй үйлдлүүд нь зуршил болж тогтдог.
Энэ номыг уншиж байх явцад хүн өөрт тогтсон муу зуршил юу байж болох вэ? гэдгээ тодорхойлж, уг муу зуршлаа засаж сайн зуршил болгох талаар бодож, тэмдэглэж уншвал зүгээр юм байна лээ. Яагаад гэхээр бидэнд муу зуршил сайнаасаа илүү хурдан нөлөөлж, нэгэнт сурсан муу зуршлаа өөрчлөх нь хэцүү, муу зуршлаа сайн зуршлаар сольсон ч хэсэг хугацааны дараа сэдрэх нь хурдан байдаг гэж уг номон дээр өгүүлдэг. Тэгэхээр хүнд муу зуршил амархан суудаг байх нь.
Зуршил бүрэн устаж алга болдоггүй, харин бидний тархинд маш сайн хадгалаастай байдаг.
Энэхүү номонд бүхий л зуршил:
Өдөөгч-Давтан үйлдэл-Үр дүн (Шунал,Хүсэл)
гэсэн дамжлагыг дамждаг гэж үздэг. Ингээд уншихаар зуршлын дамжлагыг өдөөгч, давтан үйлдэл, үр дүн гээд нэр үгээр томьёолоход ойлгомжгүй ч бодит жишээн дээр тайлбарлахад илүү ойлгомжтой болно.
Номын зохиогчийн бодит жишээнээс иш татвал, Зохиогч үдээс хойш болоход л жигнэмэг худалдан авч ажилчидтайгаа хамт яриа өрнүүлэнгээ иддэг (Энэ нь аль хэдийн ДАВТАН ҮЙЛДЭЛ болсон гэсэн үг юм) зуршилтай байсан.
Тэгээд тэр энэхүү зуршлаа солихыг хүсч ҮР ДҮН буюу уг жигнэмгийг идсэний дараа өөрт нь ямар зүйлс тохиолдож болохыг олж мэдэхийг хичээсэн. Үүний тулд жигнэмэг идмээр санагдангуут идэхгүй байх гэж хичээх, эсвэл оронд нь өөр зүйл авч идэх, кофе уух, ажилчидтайгаа зүгээр л ярилцах зэргээр өөрийгөө туршиж гарсан үр дүнгүүдээ 3 үгэнд багтааж бичээд байх юм. Үүнээс дүгнэж өөрт ямар үр дүн, сэтгэл ханамж ирдэгийг тодорхойлж болно. Зохиогч туршилт хийгээд ажилчидтайгаа ярилцаад сэтгэл ханамжтай болдог байдал нь уг зуршлын үр дүн байжээ гэдгийг олж мэдсэн.
Дараа нь <Өдөөгч Дохио> -г хайж эхэлсэн. Яагаад бие үүнийг хийхийг шаардаад байна вэ, уул нь муу гэдгийг мэдээд байна гэхдээ хиймээр байна. Тэгвэл яагаад хиймээр байгаа гэдгээ олж мэдэх хэрэгтэй гэсэн үг юм. Үүний тулд яг жигнэмэг идэх хүсэл нь төрөх бүрд Хаана байсан бэ? Хэдэн цаг болж байсан бэ? Сэтгэл санааны байдал? Ойр хавьд чинь хэн байсан бэ? Юу хийж байсан бэ? зэрэгт хариулж бичих хэрэгтэй. Хэдэн өдөр бичсэний дараа хариултуудаас чинь нийтлэг нэг шалтгаан гарч ирэх болно. Тэгвэл өдөөгч дохиог оллоо гэсэн үг юм. Зохиогчийн маань жишээн дээр дандаа 3 цаг өнгөрөх үед жигнэмэг идмээр санагддаг байсан тул үүнийг өдөөгч дохио гэж үзсэн.
Ингээд бүх үе шатыг тодорхойлсон тул төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Зохиогч 3 цаг өнгөрөнгүүт ажилчидтайгаа ярилцахаар гарч 10 минут ярилцаад сэтгэл ханамжтай өрөөндөө буцаж ирдэг байхыг зуршил болгох төлөвлөгөө гаргасан. Гол нь жигнэмэг идсэн ч идээгүй ч ажилчидтайгаа ярилцаж, сэтгэл өөдрөг болох нь зохиогчийн маань үр дүн байсан учраас тэрээр жигнэмэг иддэг давтан үйлдээ, хүмүүстэй ярилцах болгож өөрчилсөн ч эцэст нь авдаг сэтгэл ханамжаа авсаар л байсан учраас энэ нь шинэ, өөрт хэрэгтэй зуршил болон үлдсэн.
Зуршлаа өөрчлөхийн тулд үр дүнг нэгэн адил өгөх шинэ давтамжит үйлдэл бодож олох хэрэгтэй.
Зуршлаа өөрчлөхдөө чиний зуршил өөрчлөгдөх боломжтой гэсэн итгэл төрүүлсэн хамт олон, мөн өөрөө тийм орчинд байх нь чухал. Мөн аливаа нэг сайн зуршил араасаа олон жижиг сайн зуршлыг дагуулдаг гэдгийг энэ номонд олон дурддаг. Жишээ нь, би өдөрт 30 минут дасгал хийхийг зуршил болгоход, дагаад эрүүл хооллох гэж хичээх, амьдралын идэвхтэй болох зэрэг олон эерэг зуршлууд гарч ирэх юм.
Жагсаан бичих нь амьдралаа зохион байгуулах нэг арга юм.
Номын хоёр дах хэсэгт, байгууллагад бас хувь хүмүүсийн зуршил чухал нөлөөтэй байдгийг олон жишээгээр дурдсан байдаг. Байгууллагад ажилчдын “Зорилгодоо хүрэх зуршил” гэдэг чухал үзүүлэлт болдог. Гэхдээ энэ бүрийг заавал зуршил гэж бодоод толгойгоо өвтгөөд байх хэрэггүй, зүгээр л энгийнээр хэлэхэд тууштай байдал, зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөдөг (бид анзаардаггүй ч энэ чадварууд зуршлаас ихээхэн хамаардаг) хүн байгууллагын гол хүч болдог гээд энгийнээр ойлгочихвол зүгээр санагдсан. Байгууллагын дадал зуршлыг ч мөн өөрчилж болдог бөгөөд, тэр нь хямралын үед ихэвчлэн тохиолдох боломжтой гэж үздэг юм байна. Компани, баг удирдаж байгаа хүмүүс энэ хэсгийг тусгайлан уншвал зүгээр юм шиг санагдсан. Сонирхолтой олон кэйс бий.
Нэг сонирхолтой жишээг дурдвал, байгууллагууд мөн хэрэглэгчийн зуршлыг судалж маркетингтаа ашигладаг. Таргет компани бараагаа борлуулахдаа хэрэглэгч бүрийн зуршлыг ашиглаж дата боловруулж, тэр хүний талаарх бүх мэдээллийг цуглуулж ямар ямар бараа авч байгаагаас нь хамаар гэр бүлтэй эсэх, өрхийн орлого өөр ямар бараа авах сонирхолтой, бүр жирэмсэн болсон бол хэдэн сард төрөхийг нь хүртэл тооцож гаргадаг гээд боддоо. Энэ бол одоогоос 6 жилийн өмнөх кэйс гээд бодоход одоо энэ чиглэл хэрхэн хөгжсөн бол гэхээс сонирхол татна. Миний хамгийн ойрын жишээ нь, Хятадын хамгийн том худалдааны сайн “Taobao” -л гэхэд миний найзтайгаа ярилцаад хоорондоо чатаар дамжуулсан бүтээгдэхүүний зургийг надад Taobao-руу оронгуут шууд нүүрэн хэсэгт харуулж, санал болгож байх жишээний. Энэ мэт технологийг ашиглаж, бидний суурь зуршлыг ашиглаж маркетинг хийх нь зөв буруу эсэхийг хэлж мэдэхгүй ч, тэр нарийн жижиг зүйлс бүрийг тодорхойлж байгаа техник, технологийн хөгжлийг (тэрийг бүтээж байгаа хүмүүсийг) магтахаас яалтай. Бас дата судлаач нарийг.
Номын сүүлийн хэсэгт зуршил нийгэмд хэрхэн үйлчилдгийг тайлбарласан. Энэ хэсгээс гол санаанд бууж үлдсэн зүйл маань, нийгмийг бүтээж байгаа олон харилцаа дундаас, дотно холбоо (дотны найз), сул холбоо (миний найзын найз) бидний амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдэг байв. Гэхдээ маш чухал ажилд дотны холбооноос илүү, сул холбоо чухал үүрэгтэй. Энгийнээр тайлбарлавал би найзынхаа найзаас ямар нэг мэдээлэл, тусламж гуйх үед тэр хүн надад муухай сэтгэгдэл үлдээхгүйн тулд ихэвчлэн нааштай хариу өгдөг. Хэрвээ тэр хүн надад таагүй сэтгэгдэл үлдээвэл би түүнийг нь бусад хүмүүст хэлж, өөрийг нь буруу өнцгөөс харуулчихвий гэснээс болгоомжилж байдаг тул ихэвчлэн ийм шийд гаргадаг байна. Үүнийг мэддэг, ашиглаж чаддаг хүмүүс нийгмийн хөдөлгөөн зэргийг амжилттай авч явдаг гэнэ. Бас л сонирхолтой арга шүү.
Би энэ номыг уншиж дуусаад, өөрт байдаг бүх л сайн, муу зуршлаа цаасан дээр бичээд, зуршлын тойргийг боломжит таамаглалаараа зурах гэж хичээв. Муу зуршил маань харьцангүй хүнд биш, засж болохуйц, надаас бүр маш их хичээл зүтгэл шаардаад байхааргүй хэсэг хугацаанд хичээхэд болохоор санагдсан.
Мэдээж өөрт чинь муу зуршил байдаг, тэр нь яаж ч хичээгээд засагдахгүй байгаа бол энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөе. Мөн олон бодит кэйс унших дуртай хүнд бол энэ ном яалтчгүй сонирхолтой байх болно. Unlock podcast-д уг номын товчилсон аудио хэлбэрийг сонсож бас болох юм.
Эх сурвалж: medium.com/@ichkostarryfx Б. Ичинхорлоо