Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тусгагдсан “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд шилжүүлнэ” гэсэн заалтыг “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Ц.Сэргэлэн, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.