90 жилийн түүхтэй Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театр залуу халаагаа бэлдэж, шинэ залуу мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдийг сонгон шалгаруулах энэ оны ээлжит элсэлтээ хийлээ.
“Театр студид” жүжигчин сонгон шалгаруулах элсэлтийн журам, болзлыг 40 гаруй хоногийн хугацаанд олон нийтэд түгээн 22 жүжигчинг бүртгэж, мэргэжлийн жүжигчин сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2020 оны 8 сарын 21-22 ний өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгаруулалтыг хувь уран бүтээлчийн CV материалтай урьдчилан танилцаж, жүжиглэх ур чадварын онол, театрын түүх, ёс зүй, гоо зүйн мэдлэгээр бичвэрийн шалгалтыг тестээр авч, харагдах байдал, гадаад гоо сайхан, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, хувийн бэлтгэлийг харгалзан дуу, бүжиг, хувийн номер, монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр гэсэн төрлүүдээр явууллаа.
Шалгаруулалтын 1-р шатанд гадаад дотоодын мэргэжлийн их дээд сургууль дүүргэсэн 22 жүжигчин оролцож 50 хувь нь 2-р шатанд тунан үлдэж, Ганболдын Номин-Эрдэнэ, Түвшинсайхны Анхзул, Идэржавхлангийн Дашнямжил, Батбаярын Ганзориг, Цогтоогийн Рагчаа, Цэрэндолгорын Анхбаяр нар Театр- Студи ангийн шалгаруулалтад тэнцлээ.