Нийслэлийн МАН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ өчигдөр тодруулсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.09.7/ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар МАН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийг зарлалаа.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV хуралдаанаа хуулийн хугацаандаа хийж амжин өчигдөр 23:10 цагт нийт нэр дэвшигчдээ тодрууллаа.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Нам Нийслэл Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг буюу 91.7 хувийн түүхэн ялалт байгуулсан. Энэ том сонголтоор ирсэн итгэл найдварыг эх орны зүрх болсон Нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна.
Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг болгохыг МАН зорьж байна. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна.
Тийм учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн.
Бид нэр дэвшигчиддээ НИТХ хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань 1.3 сая хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй, олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан.
Иргэдийнхээ итгэлийг даах хүчтэй, очоод уулзах нүүртэй байхаас бидний ажил бас хариуцлага эхлэх ёстой. Нийслэлийн есөн дүүргийн намын байгууллагын 40 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болж 45 хүн нэр дэвшсэн.
Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо.
Мөн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүллээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн дүн болон удаа дараагийн судалгаануудаас үзвэл сонгогчдын хандлага илт өөрчлөгдөж байна. Иргэд улс төрийн сонголт хийхдээ нэн тэргүүнд нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэхийн зэрэгцээ эрч хүчтэй, нийгмийн шинэ дүр төрхийг олонх нь дэмжих хандлагатай болжээ.
Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно. Бусад намууд, бие даагчиддаа ч мөн өндөр ёс зүйтэй сонгуульдаа оролцохыг Нийслэлийн МАН-ын зүгээс уриалж байна” гэв.