Рианна нэрээрээ алдаршсан Робин Рианна Фэнти бол 32 жилийн өмнө (1988.02.20) Барбадосын Саинт Майклд төрсөн дуучин, жүжигчин, дипломатч, хүмүүнлэгийн үйлстэн, зохиолч, бизнес эмэгтэй юм. Рианна бага насаа хүнд хэцүү өнгөрөөсөн боловч өөрийгөө ахиулж, сайжруулахыг хичээсээр байжээ. Тэр алдартай дуучин, хорин нэгдүгээр зууны хамгийн амжилттай, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж чадсан юм.
Амьдралын түүх болон даван туулах ёстой бүх зүйл нь түүнийг хүмүүнлэгийн үйлс болон, нийгмийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхэд түлхэц болжээ.
Энэ удаа бид энэ цаг үеийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг, хүмүүнлэгийн үйлстэн эмэгтэйгийн амжилтыг хуваалцах болно.
1. Түүний хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэрийн анхны алхамууд
2006 онд Рианна 18-хан настай байхдаа хорт хавдар, ДОХ зэрэг эдгэшгүй өвчтэй хүүхдүүдэд туслах зорилготой олон нийтийн “Итгэл Сан”-г байгуулжээ. Энэхүү сан нь санхүүжилт хангалтгүй сургуулиудад шаардлагатай дэмжлэг хүргэдэг байв. Мөн орон гэргүй хүүхдүүдэд хувцас хандивладаг байжээ. Түүний хүмүүнлэгийн байгууллагаараа дамжуулж хийсэн ажил, хүчин чармайлтыг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд олон жилийн турш дэмжсээр ирсэн юм.
2008 онд тэр H&M брэндийн загварын шинэ коллекц сурталчлах кампанит ажилд оролцож, тэгэхдээ ДОХ-той тэмцэх талаар олон нийтэд таниулах нөлөөллийн ажил хэрэгжүүлж, зарим алдартнуудтай нэгдсэн юм. Тус брэнд энэхүү цуглуулгаас олсон ашгаасаа тодорхой хувийг ДОХ-ын эсрэг тэмцэхэд хандивласан бөгөөд олон сая доллар цуглуулжээ.
Мөн тэр жил “Хавдрын эсрэг зогс“ нэртэй телевизийн шоу зохион байгуулагдахад Рианна тус шоунд оролцсон 15 эмэгтэй уран бүтээлчийн нэг байв. Тус шоу уралдааны зорилго нь хорт хавдрын судалгааг санхүүжүүлэхэд хөрөнгө босгох явдал бөгөөд тэд гайхалтай өндөр хэмжээний буюу 100 сая ам.доллар цуглуулж чаджээ.
2. Дэлхийн хэмжээнд хүрэх суурь
Рианна 2012 оны эхээр Лос Анжелес дахь Блюзийн ордонд болсон Хүүхдийн согог судлалын төвд хандив цуглуулах зорилготой тоглолтод оролцсон бөгөөд мөн хүүхдийн эмнэлэгт зориулсан Mark Taper-Johnny Merceren Artist хөтөлбөрт оролцож хүмүүнлэгийн үйлстэн гэдгээ нотлон харуулсаар байв.
Дараа нь уран бүтээлч маань Барбадосын ард түмэнд боловсрол, эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгоор Клара Лионелийн (дуучны өвөө, эмээгийн нэрэмжит) санг байгуулжээ. Дориан хар салхины дараа сангаар дамжуулан Барбадосчуудад тусламж үзүүлсэн юм. Өнөөдөр тус сан үйл ажиллагаагаа өргөжүүлж, боловсрол, эрүүл мэнд, яаралтай тусламжийн хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрд хүргэж байна. Тус сан нь дотроо:
- Клара Лионелийн сангийн дэлхийн тэтгэлэгт хөтөлбөр
- Барбадос дахь Хатан хаан Элизабет эмнэлгийн дэргэдэх Клара Брайтвайтийн хорт хавдар судлал ба цөмийн эмчилгээний төв
- Барбадосын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг багтаадаг.
Үүний дараахан Рианна Барбадос дахь Хатан хаан Элизабетийн эмнэлэгт 1.75 сая долларын өртөг бүхий орчин үеийн туяа эмчилгээний тоног төхөөрөмж хандивласан бөгөөд дараа нь тэрбээр талийгаач эмээгийнхээ нэрэмжит Клара Брайтвайт Хавдар судлал, цөмийн анагаах ухааны төв болгон нэрийг нь өөрчилжээ.
Алдарт дуучин маань жил бүр “Diamond Ball” нэртэй хүмүүнлэгийн тоглолтыг зохион байгуулдаг. Энэ тоглолт нь Клара Лионелийн санд хөрөнгө босгох зорилготой юм. Тус тоглолтод алдартай жүжигчид, дуучид, Холливудын одууд оролцож өөрсдийн өнгөө илэрхийлдэг билээ.
2013 он гэхэд Рианна алдарт нүүр будалтын брэнд болох MAC-ийн уруулын будагны кампанит ажилд 2 удаа оролцсон юм. Эхний кампанит ажлын хүрээнд ДОХ-ын халдвартай эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулж 60 сая доллар цуглуулж чаджээ. Жилийн дараа буюу 2014 онд дуучин маань UNAIDS-тэй хамтран өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эмчилгээ, мэдээллийн хэрэгслийг гаргаж өгчээ.
2016 онд Рианна дэлхийн дахины боловсролын хямралыг шийдвэрлэхэд гар бие оролцохоор “Боловсролын төлөө дэлхийн түншлэл”, “Дэлхийн иргэний төсөл”-тэй хамтран ажиллав. Тэр идэвхитэй үйл ажиллагааныхаа үр дүнд тус төслийн анхны олон улсын төлөөлөгч болов.
3. Шинэ шалтгаан ба нийгмийн оролцоо
2017 оныг Рианна аялалаар эхлүүлэв. Нэгдүгээр сард Дэлхийн иргэний төслийн багийнхантай Малавид зочилсон. Тэр аяллын үеэр боловсролын чанарыг сайжруулах зорилгоор сурган хүмүүжүүлэгчид, оюутнууд, албаны хүмүүстэй уулзсан юм.
Тэр жилдээ гоо сайхны брэнд болох Fenty Beauty-г үүсгэн байгуулсан. Мөн хүмүүнлэгийн үйлсээрээ Петр Ж.Гомесын нэрэмжит хүмүүнлэгийн шагналыг Харвардын сангаас хүртэж байв.
Рианнагийн санаачилсан сан, эмнэлэг, боловсролын байгууллага, хөтөлбөр, хүмүүнлэгийн бүх ажил нь өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилсээр байна. Уран бүтээлээ ч туурвисаар, хүмүүнлэгийн ажилдаа ч анхаарсаар байгаа нөр их хөдөлмөр, хүчин чармайлт нь түүнийг өнөө үеийн сорилтуудыг даван туулсан цөөхөн алдартнуудын нэг болгожээ. Тэр зөвхөн энэ жил л гэхэд өвчний судалгаа, эмчилгээнд хэдэн зуун сая доллар хандивлажээ.
Бэлтгэсэн: Б.Нямзул