Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдаан ГХЯ-нд өчигдөр боллоо.
Хуралдаанаар махны экспортыг нэмэгдүүлэх талаар хийх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж дэмжихэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллахад зөвлөлийн гол үүрэг чиглэж байна.
Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь ажиллах юм. Энэ удаагийн хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь мах махан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, экспортын нөөц боломж, худалдааны түнш орнуудтай хэрэгжүүлэх талаар илтгэл тавив. Тэрээр, “Монгол Улсын Засгийн газрын дунд, урт хугацааны бодлого, стратеги”, “Алсын хараа- 2050” зэрэг бодлогын баримт, бичигт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэгээр ХАА-н салбарыг тодорхойлж, “Хүнс экспортлогч” орон болох зорилго дэвшүүлэн манай яам ажиллаж байна.
“COVID-19”-тэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, УОК-оос дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, стратегийн хүнсний экспортыг хязгаарлах чиглэлийн дагуу махны экспорт түр хийхгүй байгаа. Импортлогч оронтой “COVID-19”-ийн цар тахлын үеийн хорио цээр, тээвэрлэлтийн нөхцлийг ГХЯ-аар дамжуулан тохирох ажлыг хийсэн.
Мөн цар тахлын үед хийх тээвэрлэлтийн түр журмыг УОК-оос баталсаны үндсэн дээр махны экспортыг 5 дугаар сараас эхлүүлээд байна. Энэ оны 8 дугаар сарын байдлаар адууны мах 4.6 мянган тн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 5.2 мянган тн, хонины түүхий мах 0.3 мянган тн, нийт 10.1 мянган тн махны экспорт хийгээд байгаа”-г” мэдээлээд, худалдааны түнш орнууд руу мах, махан бүтээгдэхүүний экспортын эрх зүйн орчныг бий болгодог шат дамжлагын талаар ерөнхий зураглалыг танилцуулсан юм.
“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Сангийн яам, БОАЖЯ, ЗТХЯ, БХБЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг экспортын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын махны холбоо зэрэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж төлөөлж буй ТББ-уудын төлөөлөл оролцлоо.