Сайн анзаарвал хамтын үнэ цэнэ гэдэг энэхүү хэллэгийг эдийн засаг, улстөр, нийгмийн олон салбаруудад хүмүүс хүчтэй яриад эхэлсэн байгаа. Энэхүү концепцийг загвар болгоод тусгайлан зөвлөгөө өгдөг FSG (fsg.org) гээд мэргэжлийн фирмийг алдарт Майкл Портер өөрийн түнш Марктайгаа нийлээд хэдэн жилийн өмнө байгуулсан байна. Хоёр жилийн өмнө Вашингтон хотод байрлах энэхүү фирм дээр нь зочилж яагаад энэ бизнесийг эхэлсэн, зорилго ба үнэ цэнийнх тухай яриулах таатай боломж олдов.
Нийгмийг эерэг өөрчлөлтөнд уриалах, үйл хийж буй олон хувь хүн, ТББ, компаниуд бий. Гэвч хичнээн сайхан санаа, санаачлага гарсан бай санхүүжилтгүй бол ажил болох боломжгүй байдаг. Хэд хэдэн төрийн бус байгууллагад ажилладагийн хувьд би зовлонг нь өдөр тутам биеэрээ амсдаг. Энэ төвөгтэй ажлыг хэрхэн том зургаар нь тоглоомонд оролцож буй хүн этгээдэд харилцан ашигтай зохион байгуулж, удирдаж, чиглүүлэх нь тийм ч амар ажил биш. Санхүүжилт гарах боломжтой хамгийн том субъект нь мэдээж хувийн хэвшлийнхэн байдаг. Тэдний одоогоор хийдэг бас хэлдэг зүйл нь нийгмийн хариуцлага гэдэг ойлголт билээ.
Хамтын үнэ цэнэ гэдэг ойлголтыг бид ярьж эхлэх хүртлээ дараах 4 шатыг дамжсан гэгддэг юм байна.
1. Хамгийн эхний шатанд хувийн хэвшлийнхэн нийгмийн янз бүрийн асуудал, бэрхшээлүүдийг “Энэ бол бидний асуудал биш, бидэнд хамаагүй” гэж үздэг байжээ. Тийм ч учраас санхүүгийн нөөц хуваарилах нь бүү хэл огт тоодоггүй, ойлгодоггүй, өөрсдийн үүрэг хариуцлагаас аль болох зугтдаг байсан байна. Өнөөгийн Монголын маань дүр төрх юм уу даа. Бүр болохгүй бол хандив өгөөд орхих, филантроп л хангалттай гэж үздэг байв.
2. Хөгжлийн дараагийн үе шатанд хувийн хэвшлийнхэн маань “Бусад хүмүүсийн яриад байдаг асуудал буюу нийгмийн асуудлууд бол бас бидний ч асуудлууд мөн юм байна” хэмээн бодит байдлаа том зургаар нь харан хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ингэснээр компаниуд олон нийтийн харилцаа дээрээ илүү анхаарч эхэлснээс гадна хандив тусламж, филантропийн бодлоготой болж, асуудалд холбоотой бүх этгээдүүдтэй харилцаж ойлголцож эхэлсэн байна.
3. Харин дараагийн шатанд хувийн хэвшлийнхэн “Энэ бүх асуудлуудыг шийдэж эхэлье” хэмээн бодитой үйлдлүүд хийж эхэлсэн байдаг. Үүний тулд санхүүгийн нөөцөө хуваарилах, төсөв гаргах, зарцуулсан мөнгөн хөрөнгөө тунгалаг байлгаж тайлангаа тавихаас гадна компанийнхаа бусад хөрөнгө, санхүүгин бус нөөцүүдээ ч нийгмийн бусад асуудлуудыг шийдэхийн тулд хуваарилж эхэлсэн байдаг.
4. Харин өнөөдөр алсын харж чаддаг компаниуд, хувь хүмүүс бидний эргэн тойрон байгаа нийгмийн асуудлуудыг “Энэ бол боломж” гэж харж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн асуудлууд руу компанийнхаа бодлогыг чиглүүлэн зардлаа бууруулах, орлогоо өсгөх, бусад өрсөлдөгч нараасаа ялгарах стратегийг боловсруулан амжилт олж байна. Энэ бол хамтын үнэ цэнэ юм.
Гэхдээ Shared value буюу Хамтын үнэ цэнэ нь өмнө нь оршиж байсан филантроп, хандивийн үйл ажиллагаа биш, хэн нэг хувь хүний его, бахархлыг бий болгохын төлөө хийж буй төсөл бүр ч биш, ашиг сонирхолын цул нэгдэл бүхий хэсэг оролцогч нарын тоглолт бүүр биш, ард түмэн эсвэл том даргад таалагдах гэж төсөл бүүүр ч биш гэдгийг бид маш сайн ойлгох ёстой ажээ. Буруу ашиглаад явбал бидний ярьдаг нөгөө “попдох” гэдэг үйлдэл болно. Компанийн нийгмийн хариуцлага, филантропийн онцлог нь хязгаарлагдмал санхүүгийн нөөцөөр болон бусдын бий болгосон мөнгөн хөрөнгийг дахин хуваарилалт хийх замаар нийгмийн тодорхой нэг хэсгийн асуудлыг шийддэг. Харин хамтын үнэ цэнэ нь нийгмийн асуудлыг нийгмийн хэрэгцээ болгон хувиргаж хувийн хэвшил бизнесийн боломжийг үүсгэж өгдөг. Үр дүнд аль нэг төсөл, спонсороос үл хамааран тогтвортой цаашаа өөрөө өөрийгөө тэтгээд аваад явчих бүрэн бололцоотой концепц юм байна.
Товчхон дүгнэвэл:
Компанийн филантроп гэдэг нь нийгмийн тодорхой асуудлыг шийдэхийн тулд мөнгөн ба мөнгөн бус хандив, тусламж, хүн цагаараа хувь нэмэр оруулж буй үйлдэл гэж ойлгож болохоор.
Харин компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь компани өөрийнхөө нэр хүндийн эрсдлийг багасгах, олон нийттэй эерэг харилцаа үүсгэхийн тулд компанийнхаа голлох нөөцүүдийг шууд бусаар нийгмийн болон хүрээлэн буй орчны асуудлуудад чиглүүлж буй үйлдэл юм.
Эцэст нь ХАМТЫН ҮНЭ ЦЭНЭ гэдэг бол нийгмийн асуудлыг шийдэх замаар компани өөртөө нэмүү үнэ цэнэ үүсгэх стратеги юм. Үр дүн нь ашиг нэмэгдэж, зардал багасан, компанийн өрсөлдөх чадвар бүхлээрээ өснө.
Монгол компаниудын маань ингэж харж, сэтгэж, бас тэмүүлж буй нь хэд бол? Бас бидний хэд нь хувь хүнийхээ түвшинд ингэж ажиллахыг хүсдэг бол?
В. Ганзориг.
baabar.mn