Өнөөдөр Төрийн албаны зөвлөл, авто тээврийн цагдаагийн газартай хамтран төрийн үйлчилгээний зориулалтын машинаар хүүхдээ зөөж буй төрийн албан хаагчид буй эсэх талаар гэнэтийн шалгалт хийжээ. Эндээс их сонин юм харагдлаа.
Бритш болон Америк сургуулиуд бол Монгол байтугай Ази тивдээ сургалтын төлбөрөөрөө үнэтэйд тооцогддог сургуулиуд юм. Тэдний жилийн төлбөр 30 мянган ам.доллараар хэмжигдэнэ. Гэтэл манай төрийн албаны хурган дарга нарын хүүхдүүд энэ үнэтэй сургуульд сурдаг юм байна. Энэ бол бидний өнөөдөр мэдэж авсан эхний мэдээлэл. Жолооч нар нь баригдангуутаа зугтаж ч үзлээ, булзаж ч үзлээ. Үхсэн ч даргадаа үнэнчээ харуулах гэсэн жолооч нь “Энэ манай даргын хүүхэд бишээ, миний хүүхэд…би замаараа хүүхдээ буулгах гэсэн юм” гэв. Хөөрхийс, төр засгийн авто баазын жолооч нар үсрээд 800 мянган төгрөгийн цалин бараг авахгүй дээ… Ийм бага цалинтай жолооч жилийн 30 мянган долларын сургууульд хүүхдээ сургалаа юу…тэгээд бас гэр нь яармагт гэчихжээ. Энэ мэдээж худал. Харин бидний өмнө ил болсон хоёрдахь мэдээлэл бол тун ноцтой. ЦЕГ, ГЕГ, Улсын дээд шүүх гээд авилгад хамгийн өртөмтгий газрын дарга нарын машинууд хүүхдүүдийг нь үнэтэй сургуульд зөөж яваад баригдсан явдал байв. Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын дээд шүүхийн албан тушаалтнуудын цалин хэр юм бол. 30 мянган доллар хүрэх үү. Хүрэхгүй бол тэд хүүхдээ ийм үнэтэй сургуульд сургахын төлөө авилга авах уу. Яаж тэр мөнгийг олдог юм бол. Эхнэрүүд нь тэрбумтан уу… Шалгаад үзэхэд алдахгүй л болов уу, Авилгатай тэмцэх газрынхан минь. Гуравдахь тодорхой болсон мэдээлэл бол дарга нарын автомашин замын цагдаагийн тавьсан шаардлагыг тоодоггүй юм байна. Машиныг зогсоосон цагдаа дарга руугаа утсдаад “Дарга явуулчих гэж байна” хэмээн хэвлэлийнхэнд хэлж байх юм. Замын хөдөлгөөнд нүүрэн талдаа хар пилонк наахыг хориглодог атал “атман” дарга нар бүр төрийн машин дээр наалгачихаад сүнгэнэж байдгийг бид мэдэж авлаа. Өнөөөдөр монголчуудын мэдсэн гурван чухал мэдээлэл бол энэ. Зөрчлийн хуулиар хөөрхий ядарсан түмнээ нурууг нь холготол торгодог атлаа том албан тушаалтай дарга нарыг ингэж л эрхлүүлдэг юм байна. Харлаа, үзлээ, мэдлээ. За тэгээд АТГ ажлаа хийвэл 30 мянган долларын үнэтэй сургуульд хүүхдээ сургаж буй төрийн албан хаагчдаас юм гарах нь байна шүү… Эсвэл нөгөө муу замын цагдаа шиг ” дарга боль гэж байна…” гэдэг юм болов уу. Бүгдээрээ хамтдаа харцгаая.Доржготов Найдандорж