Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.30/ боллоо. Тус хуралдаанаар Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
“Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрсэн учир шаардлага хангахгүй болсон байна.
Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх байх ёстой гэж үздэг. Улсын филармони нь жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд ирэх оны 50 жилийнх нь ой тохиож байна.