УОК-оос Монгол улсад ирэх нэн шаардлагатай байгаа гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгохоор шийдвэрлэсэн гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Мөн тэрбээр энэ зөвшөөрлийн дагуу 30 хоногийн визтэй ирээд тусгаарлах байранд тусгай үнээр 21 хоног тусгаарлагдана. Визийг дахин 30 хоногоор нэг удаа сунгуулах боломжтой. Ажлын шаардлагаар ирсэн гадаадын иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хоног байх шийдвэр гарсан.
Монголд ирэх хүсэлтэй гадаадын иргэдийн хүсэлтийг ГХЯ-ны Консулын газарт бичгээр гаргах шаардлагатай. Бид гаргасан өргөдөл хүсэлтэд үндэслэн тухайн сарын нислэгт хамруулах ажлыг зохион байгуулах юм. Монголд албан ажлаар ирэх гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэв.