Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр /2020.10.09/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх байгууллагыг төлөөлсөн 100 орчим хүн оролцож, дуу хоолой, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын даргын хэлэлцүүлэгт зориулсан үгийг ахлах зөвлөх Д.Лүндээжанцан уншиж танилцуулсан. “Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх талаар цаашид шийдвэрлэвэл зохих асуудлууд байна. Сүүлийн 3 жил 8 сарын байдлаар 263 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн хэлбэр нь зөрчлийн бус гэмт хэргийн шинжтэй болж, хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдаж буй эмзэглэл төрүүлсэн, сэтгэл зовоосон нөхцөл байдлыг цаашид яаж засаж залруулах вэ… Хүчирхийлэл гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр нийтийг хамарсан соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, гэр бүлийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх ажлыг цаг ямагт авч хэрэгжүүлж байх шаардлагатай байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн яаж, ямар арга замаар урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг яаж нэмэгдүүлэх, хэрхэн соён гэгээрүүлэх, ёс зүйг төлөвшүүлэх талаар нухацтай ярилцаж, гарсан саналуудыг нэгтгэн дүгнэлт хийж, шаардлагатай саналыг Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрүүдэд тусгах талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүн бүр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг бүх байгууллага ажлаа уялдуулж, “Дуугүй өнгөрөхгүй” хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг уриалж байна. Ингэж бүх нийтээрээ хүчээ нэгтгэж тэмцэж гэмээ нь тодорхой үр дүн гарна. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга бүрийг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжиж ажиллах болно” гэж Улсын Их Хурлын дарга онцолжээ.
Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д.Сарангэрэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн бүх байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон. Нэг хэрэг гарахаар түүнийг дагаж шуураад мартаж орхилгүй, урьдчилан сэргийлэх болон хяналт тавих ажлыг эрчимжүүлж, хуулиа хэрэгжүүлдэг байх чиглэлээр Эмэгтэй гишүүдийн бүлэг идэвхтэй ажиллана гэж байр сууриа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах зардлын төсөвт тусгагдсан мөнгө эзэддээ очиж, зарцуулагдаж чадаж байна уу. Сургалт, томилолт, ширээ сандал, тавилга худалдаж авахад зориулж байна уу гэдгийг цаашид хатуу хянаж, Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргээ энэ чиглэлд идэвхтэй хэрэгжүүлнэ хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хохирогч хамгаалах, соёл урлагийн салбарын болон сэтгүүлчдийн оролцоо гэхчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар оролцогчид бүх талаас нь хөндөж ярилцан, санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн, анхан шатанд, тухайлбал баг, хороонд ажиллаж буй Хамтарсан багт хүчирхийлэл үйлдэгдсэн айлд очих шатахууны болон хохирогчид үзүүлэх наад захын ахуйн хэрэгцээний зардал зэрэг төсөв мөнгө байдаггүй, бүтэц нь оновчгүй, хүнээ оношлох буюу оюун санаа, сэтгэхүйн хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэж, засаж авах зэргээр хүчирхийлэгчид чиглэсэн соёл гэгээрлийн ажил хийгддэггүй гэх зэргээр санал шүүмж өрнүүлэв.
Мөн хүчирхийллийг бууруулахын тулд гэр бүлийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, цагдаатай зэрэгцээд мэргэшсэн сэтгэл зүйч хүчирхийлэл үйлдэгчтэй ажиллах, албадан сургалтад хамруулж зан үйлийг өөрчлөх, хорьж цагддаг механик аргачлалаа багасгах, төр засгаас гаргаж байгаа шийдвэр, бодлогыг соёл урлагийн салбарынханд таниулах замаар урлагаар дамжуулан хүмүүжүүлэх зэрэг өргөн хүрээний саналыг гаргасан.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, иргэд хорьж цагдах бус соёл гэгээрлийн чиглэлээр үр дүнтэй ажиллах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж үзэж буйгаа илэрхийлж байв.
Төгсгөлд нь зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа уншиж сонсголоо. Тус зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм байна.