Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар ажилласан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаараа тогтоолын төслийн талаар дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийжээ. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүйг тэмдэглээд, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авах шинэ зохицуулалт нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих дотоодын болон экспортын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжид хөнгөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, 2020-2021 онд мал аж ахуйн гаралтай экспортыг нэмэгдүүлэх гэсэн заалтыг төсөлд шинээр нэмэх санал гаргасан ч ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Х.Булгантуяа гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув. ОУВС-ийн тооцооллоор манай улсын ДНБ-ий өсөлт 2021 онд 6 хувь байх бол Монголбанк 8.7 хувь, Засгийн газар 7.2 хувьд хүрнэ гэжээ. Урсгал дансны алдагдал эхний хагас жилд 890 сая ам.доллар хүрсэн бөгөөд 9, 10 дугаар сарын байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, оны төгсгөлд хэд хүрэх, эл алдагдлыг багасгах, төгрөгийн ханшийг тогтворжуулах чиглэлд Монголбанк юу хийх талаар тэрбээр тодруулсан. Урсгал дансны алдагдлыг богино хугацаанд бууруулах арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал гэдгийг ажлын хэсэг тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд манай эдийн засагт 4 их наяд төгрөгийн хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү буюу санхүүжилт дутагдалтай байгаа нь дээрх үзүүлэлтээр илэрч байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлаар илрээд, үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар санхүүжүүлж явж байгаа гэлээ. Тодруулбал, 2015 онд 948 сая ам.доллар, 2016 онд 700 сая ам.доллар, 2017 онд 1 тэрбум 150 сая ам.доллар, 2018 онд 2.2 тэрбум ам.доллар, 2019 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Энэ оны 07 дугаар сарын байдлаар -400 сая ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 11 хувь болж буурах тооцоолол бий гэлээ. Эдийн засгийн бүтцийн шинжтэй бодлогуудыг хэрэгжүүлснээр алдагдлыг бууруулах боломж, гарц бий гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Төгрөгийн ханшийн тухайд, оны эхний үетэй харьцуулахад 4.4 хувиар суларсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 7 орчим хувийн суларсан. Бусад улс оронтой харьцуулах юм бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш харьцангуй гайгүй суларсан гэж үзэж байгаа бөгөөд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэлээ. Хэдийгээр төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай байгаа ч интервенц хийж байгаа, нөгөө талаасаа өмнө жилүүдэд хуримтлуулсан алтны нөөцийг мөнгөжүүлэх байдлаар оролцож байгаа талаараа мэдээлсэн. Цэвэр дүнгээрээ 700-800 сая ам.долларын интервенцийг валютын зах зээлд нийлүүлсэн байна. Үүнийг валютын урсгалтай харьцуулах юм бол экспортын орлого 40 орчим хувиар агшсан, төлбөрийн тэнцэл 600 орчим сая ам.долларын алдагдалтай энэ үед нэлээд дарамт үүсгэж байсан гэдгийг Монголбанкны зүгээс хэллээ. Сүүлийн үед ханш харьцангуй тогтворжих хандлагатай байгаа бөгөөд үүнд “Мазаалай” бонд, нүүрсний экспортын нөхцөл байдал, олон улсын зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ эерэг нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлд Монголбанк дорвитой ажиллахгүй байгаа талаар шүүмжилж, импортыг орлох, экспортоос орлого олох чиглэлд тус банкнаас үзүүлсэн дэмжлэг, валютын нөөцийг хэмнэх, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Төгрөг болон валютын ханшид гадаад худалдаа, түүнээс үзүүлэх инфляцын нөлөөлөл, өрийн асуудал тус тус нөлөөлөн, дотоод инфляц өндөр, эдийн засаг төрөлжөөгүй байгаа ийм тохиолдолд гадаад шок өндөр, эмзэг байдаг талаар тайлбарлав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм.
Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.