Английн эмийн компани АстраЗенека болон Оксфордын их сургууль хамтран короновирусын эсрэг гаргасан вакцины клиник туршилтад сайн дураар хамрагдсан нэг хүн нас барсан талаар Бразилийн засгийн газраас мэдэгдэл хийжээ.
Харин тус улсын хэвлэл мэдээллийнхэн нас барсан хүнд туршилтын вакцин биш тайвшруулах эм өгсөн хэмээн мэдээлж байгаа юм байна.
Бразилийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ уг сайн дурын оролцогчийг энэ сард нас барсан бөгөөд хэдий харамсалтай тохиолдол гарсан ч туршилтыг зогсоолгүй үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгджээ.
Туршилтын үеэр нас барсан сайн дурын оролцогч нь Рио Де Жанерод амьдардаг 28 настай эмч хүн байсан бөгөөд өнгөрсөн 9-р сард коронавирусын халдвар авсан байна.
Бразилийн Өү Глобо сонинд мэдээлснээр бол уг өвчтөнд туршилтын вакцинтай яг адилхан харагддаг тайвшруулах эм өгсөн байж болзошгүй талаар дурджээ.
АстраЗенека эмийн компаниас хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдэгдэлдээ аюулгүй байдлыг хангах үүднээс туршилттай холбоотой гарч буй бүх үр дүн, өөрчлөлтүүдийг судлаач мэргэжилтнүүд, бие даасан хяналтын хороо болон эрх баригчид давхар хянаж байгаа. Тэдний гаргасан дүгнэлтүүд нь уг туршилтыг зогсоох ямар ч үндэслэл байхгүй болохыг харуулж байна хэмээн онцлон хэлжээ.
Үүнтэй холбогдуулан Оксфордын Их Сургууль ч бас клиник туршилтын аюулгүй байдалтай холбоотой ямар нэг асуудал байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Бразилд өнгөрсөн 6 сард сайн дурынхныг вакцинд хамруулж эхэлснээс хойш одоогийн байдлаар нийт 5 мянган хүн клиник туршилтад хамрагдаад байна.