УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.10.26/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С. Одонтуяа “Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барих гэж байна.
Өнөөдөр ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь тэдний амьжиргаанд хүрэлцдэггүй. ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмадын тэтгэвэр ч нийлээд амьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй байгаа. Өнөөдөр 441 мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас тэдний 300 мянга орчим нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Энэ нь ахмадуудыг ядууралд хүргэж буй гол шалтгаан. Тэдэнд хувийн өмч, хадгаламж байхгүйгээс ядууралд өртсөн. Хуулийн төсөл үндсэн долоон хэсгээс бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхаар ашиглах тухай заасан Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн шаардлага биелэх ахмад настнууд байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэж амьдралын наад захын хэрэгцээгээ хангахуйц тэтгэврийн орлоготой болох нөхцөл бүрдэнэ. АН-ын хувьд хавтгайрсан халамжийг дэмждэггүй ч халамжлах ёстой хүмүүсээ халамжлах ёстой. УИХ-ын 24 дүгээр тогтоолоор зургаан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг маш яаралтай эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь хүртээх шийдвэр гарсан. Иймд Цагаан суваргын ордоос ахмадын тэтгэврийн нэмэгдлийн санхүүжилтийг гаргана”гэв.