Туранхай гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш эгч маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ.
Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг болохоор таргалалтын шалтгаан болох нь бага ажээ. Мэдээж хоолны илчлэг, хэдэн цагт идэж байгаа зэрэг нь хамаатай боловч таргалалтын шалтгааны жин дарах хувь нь тухайн хүний санаа зоволт.
Мөн турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг байна. “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж зүрхшээн бодож байгаа хүн жин хаядаггүй, хаясан ч эргээд амархан нэмдэг гэлээ. Тиймээс алив зүйлийг хийхдээ ял мэт санаж байгаа бол үр дүн гарахгүй гэсэн үг. Харин хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүнээс аз жаргалыг мэдэрч чадаж байвал үр дүн нь нүдэн дээр мэдэгдээд ирдэг байна. “Гоё байх, гоо үзэсгэлэн төгс амьдарна гэдэг бол нэг, хоёр сар фитнесст хичээллээд болчихдог юм биш, насан туршийн зөв дадлын үр дүн юм шүү” гэдгийг тэр багш бусдад байнга сануулдаг.