Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв

 Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов.

Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах зэрэг өргөн хүрээний асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Энэхүү уулзалтад манай улсыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын Дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв. Дэд сайд Б.Мөнхжин түүнчлэн манай Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм.

Өндөр түвшний уулзалтаас баталсан НҮБ-ын 75 жилийн ойн тунхаглал (Declaration on the Commemoration of the Seventy-fifth Anniversary of the United Nations)[1]-д  хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах, зорилгод хүрэхийн тулд  хэрэгжүүлэх 12 арга хэмжээг тусгасан болно. Эдгээр арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн санаачилсан дэлхий дахины хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн төлөвийн талаарх “НҮБ-ын 75 жилийн ойн ярилцлага” (UN75 conversation) хэмээх санал асуулгын дүнд тодорхойлсон бөгөөд уг санал асуулгад манай иргэд, залуус өргөнөөр оролцож, дуу хоолойгоо нэмэрлэсэн билээ.

Дашрамд дурдахад 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 59 жилийн ой тохиож байгаа бөгөөд НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэгийг нь авах өргөн боломжийг нээж өгсөн билээ.

[1]https://undocs.org/en/A/RES/75/1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …