НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд Парис хотноо энэ сарын 7-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Боковатай уулзалт хийлээ.
Сайд Л.Болд өнгөрсөн 50 жилийн туршид Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хооронд хөгжүүлсэн харилцаа, хамтын ажиллагаа нь манай улсад асар их үр өгөөжөө өгснийг дурьдахын хамт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн манай улсын НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг Бичиг үсгийн боловсролын тухай болон Ардчиллын боловсролын тогтоолуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-той идэвхитэй хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж 2014 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийх айлчлалын үеэр ЮНЕСКО-ийн төв байранд хамтарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах саналаа танилцуулсан. Ерөнхий захирал Ирина Бокова саналыг дэмжин хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ мэдэгдэв.
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд манай улсыг төлөөлөн оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 7-нд чуулганы Бодлогын ерөнхий санал шүүмжлэл дээр Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ манай улсаас санаачилж 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлуулсан “Ардчиллын боловсрол” тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ЮНЕСКО-той хамтран ажиллаж эхлээд байгааг сонордуулаад Улаанбаатарт төвтэй, ЮНЕСКО-гийн ивээл доорх “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн” нь нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэх, нүүдэлчдийн соёлын арвин сан, түүний олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үед өвлүүлэх чиглэлээр олон талын үйл ажиллагаа явуулж байгаа тул тус хүрээлэнгийн гэрээг ЮНЕСКО-той шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа талаар дурьдав.
Мөн өдөр сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Стратегийн төлөвлөлт хариуцсан орлогч Ханс Дорвиль, Шинжлэх ухаан хариуцсан орлогч Гретчен Калонжи нартай уулзаж байгалийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах, усны нөөцийн менежментийг сайжруулах, тус байгууллагад Монгол хүмүүсийг ажиллуулах зэрэг асуудлаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч Адхам Икрамовтай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцлаа.