Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд төр засаг, эцэг эхээсээ авахаа мэдэхээс үүрэг хариуцлага хүлээх чадваргүй болжээ. Оюутан хүн гэхээрээ л бүгдийг хөнгөлөлттэй эдэлж, хэрэглэх ёстой юм шиг олиггүй үзэл тэдний толгойд суучихаж. Энэ бүхэн дээр нь тоглолт хийж сурсан МОХ-ны хэдэн залуучууд жил бүрийн намар “Сургалтын төлбөр үндэслэлгүй нэмлээ” хэмээн сүржин дуугарцгааж хэвлэлийн бага хурал хийснээр төгсгөл болдог. Оюутнууд номын сангүй байхад МОХ ганц үг дуугараагүй. Гэтэл өнөөдөр үндэсний тэтгэлгийг шалгуур өндөртэй олгох талаар УИХ-ын гишүүд яриад эхлэхээр “Монголд өмнө нь болж байгаагүй олон оюутан хамруулсан жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэр сонгоно” гэж мэдэгдлээ. МОХ оюутан залуусыг нийгмийн хамгийн доод түвшний эмзэг бүлгийн хүмүүс мэтээр ярьж суудаг нь өрөвдөлтэй. Нийгэмд манлайлагчаасаа илүү дагалдагчид олон гэдэг. МОХ-ны хэсэг залуусын ядмагхан үгэнд итгэсэн оюутан залуус хэн нэгнээр өрөвдүүлж, бэлэнчлэх сэтгэлгээнд автаж байна. Тэдний хэлснээр оюутнуудын амь амьдрал болсон 70 мянгыг зогсоовол сурч буй сургууль, ар гэрийнх нь амьдрал тэр чигээрээ хэцүү байдалд орох гэнэ. Тийм учраас 2014 оны төсвийн төсөлд оюутны тэтгэлгийг заавал суулгаж өгөх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, УИХ, Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлжээ. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол МОХ их, дээд сургуулиудын оюутан залуусыг уриалан эсэргүүцлийн жагсаал хийх болно гэдгээ мэдэгдэв. Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг өчигдөр УИХ хэлэлцэж, оюутны 70 мянган төгрөгийг шалгуур өндөртэй болгох тухай ярьсан. Энэ шийдвэрийг ихэнх иргэд дэмжиж байна?
–Иргэд дэмжиж болно. Гэхдээ их, дээд сургуульд хэдэн мянган оюутан сурч байгаа билээ гэдгийг мартаж болохгүй. Тэдний хэд нь сургалтын төлбөрөө төлөх чадвартай билээ. Хичээлийн хэрэглэлээ хангаж чадах оюутан цөөхөн байна. МОХ-ны зүгээс дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим заалт бүрэн хэрэгжихгүй байгаа талаар хэд хэдэн удаа албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг сануулсан. Харамсалтай нь бидний хүсэлтийг ажил хэрэгч байдлаар хүлээж авах нь бүү хэл хуулийн амин сүнс болсон үндэсний тэтгэлэг олгох асуудлыг УИХ-ын гишүүд таслан зогсоохоор санаархаж байна.
-Оюутнууд үүрэг хариуцлага хүлээж мэдэхгүй байна. Танай холбоо ч дуугарахгүй юм. Үндэсний тэтгэлгийг хэн дуртай нь авдаг ч сургалтын чанарт нөлөөлж чадахгүй байна гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
–Оюутнууд үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүд их, дээд сургуулиудын сургалтын чанар яриад байна. МОХ чанаржуулах ёстой юм уу. Төр засгийн хийх ёстой ажил. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаа дампууруулчихаад дараа нь боловсролын чанарын талаар ярь. Улс мөнгөгүй байж болно. Оюутнууд ямар хүүхдийн тоглоом уу. Мөнгөтэй үедээ тэтгэлэг ав, мөнгө байхгүй бол өгөхгүй гэж яриад. Улс орны эдийн засаг хүндхэн, гадаадад их хэмжээний өртэй байгаа гэдгийг бид мэдэж байсан учир гадаадад сурч байгаа оютнуудын тэтгэлгийг өг гэж шаардаагүй. Мөн үндэсний тэтгэлгийг цалингийн доод хэмжээгээр нэм гэж шаардалгүй өнөөдрийг хүргэлээ. 2016 оныг хүртэл 70 мянга өгөхгүй юм байна л даа.
-Оюутны тэтгэлгийг зогсоох шийдвэр гарвал МОХ оюутан залуусыг уриалан маш том хэмжээний жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ. Сэтгэлийн хөөрөлдөө автсан олон мянган залуус нийгмийг цочроох асуудал үүсгэх вий?
–Үндэсний тэтгэлгийн үр шимийг хүртэж байсан олон оюутны ар гэр хүндхэн байдалд орох гээд байна. Ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авна. Бид гурван үндэслэл бүхий шаардлага хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах. Хоёрдугаарт, үндэсний тэтгэлэг олгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа МОХ-ноос санал авч байх. Гуравдугаарт, үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэрвээ бидний тавьсан шаардлагад 11 дүгээр сарын 15-ны дотор албан ёсоор хариу ирүүлэхгүй бол жагсаал хийнэ.
М.АМАРЖАРГАЛ
Эх сурвалж: Мэдээ.мн