Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов.
Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно.
Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.
1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.