МАН-ын өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын гишүүдэд тойргийнхоо сонгогчдын дунд судалгаа тооцоо хийх, хууль санаачлахтай холбоотой тодорхой төсөв дээд хязгаар нь 200 сая гэж зааж өгсөн байдаг. Энэ дотор нь туслах, зөвлөхүүдийн үйл ажиллагааны зардал гэж тусгадаг. Ингээд ухайн цаг үедээ тойрогтоо ажилласан, хууль санаачлахтай холбоотой зардал гарвал УИХ-ын тамгын газарт мэдэгдэж зардлаа гаргуулж авдаг. Тамгын газрын санхүүгээс татварыг нь суутгаад үлдсэнийг нь өгдөг журамтай.
Мөн нэг ярих асуудал нь нийслэлийн төсвийг танахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Жилээс жилд улсын төсөв нэмэгдүүлэх зардал нэмэгдэж байгаа. 2020 онд 319 тэрбум байсан бол 2021 онд 420 тэрбум болгож өсгөхөөр төсөвт тусгасан. Хүн амаа бодсон ч шийдэх олон асуудал байгаа учраас нийслэлийн төсөв танах боломжгүй.
Энэ хэлбэрээр яваад байвал Улаанбаатарт хуримтлагдах асуудал нэмэгдсээр байна. Коронавирусийн үед Засгийн газрын бодлого шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэл хөнгөлсөнтэй холбоотой нийслэлийн төсөв бүрдүүлдэг эх үүсвэр байхгүй болсон учраас нийслэлийн төсөв алдагдалтай байна.
Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нь нэмээд байдаг. Эцэст нь нийслэлд үлддэг хөрөнгө мөнгө байдаггүй. Шийдэх олон асуудал шийдвэрлэх боломж бүрддэггүй учраас дээрээс юу хаяж өгнө түүнийг нь хүргэх гэж явсаар асуудал хүндэрдэг.
Төсөвт хэмнэлт гаргахын тулд халамжийн зардлаасаа танана. Мөн ТӨҮГ-ийн зардлыг хасах талаар ажлын хэсэг гарч ажиллана гэж ярьж байна. Аль ч ТӨҮГ улсын төсвийг нэмэгдүүлэх ёстой. ТӨҮГ-уудын үйл ажиллагааг улам сайн хянаж, хатуу хяналт дор байлгах нь зүйтэй. Олсон орлогоо юунд зарцуулдгийг нь маш сайн хянах ёстой” гэлээ.