МЭДЭГДЭЛ
“ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс сэтгүүлч С.Будрагчаа уучлал гуйв” гэх гарчигтай илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад “төлбөртэйгээр” нийтлүүлж, миний нэр төрд халдаж байгааг эрс эсэргүүцэж байна. Миний бие, Нэгдүгээрт, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нь өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Жи би эс импекс” ХХК-даа хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр тайчих үзүүлбэр үзүүлж, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгааг камерын дүрс бичлэг, албаны эх сурвалжуудаас авсан яриа тодруулга, тухайн буудлаас биеэ үнэлэгч худалдан авсан эрэгтэйн яриа, тайчигч бүсгүйн тодруулга зэргээр нотлон хүргэсэн. Хоёрдугаарт, П.Оюунчимэг нь өөрийнхөө “Жи би эс импекс” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр”-т 519 мянган ам.долларын бараа материал шахан нийлүүлснийг олон нийтэд ил болгосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлсэн гэрээний хуулбаруудыг ч олон нийтэд дэлгэсэн. Гуравдугаарт, П.Оюунчимэг нь ХЭҮК-ын данснаас өөрийнхөө “Хабу” зочид буудалд олон удаагийн гүйлгээгээр асар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан асуудлыг илчилсэн. П.Оюунчимэг гуай надтай уулзах үедээ би ХЭҮК-ын данснаас чиний хэлээд байгаа шиг олон зуун сая төгрөг аваагүй. Харин шүүлгэж үзтэл 20 гаруй сая төгрөг л шилжүүлж авсан байна билээ хэмээн хэргээ хүлээсэн. Дөрөвдүгээрт, П.Оюунчимэг нь ундаа үйлдвэрлэлийн эрхтэй компаниараа Налайх дүүрэгт хагас тэрбумын төсөвт өртөгтэй нүүрс нийлүүлэх тендерт шалгарсныг илчилсэн. Энэ нь Налайхын ОНӨҮГ-аас газраас ирүүлсэн албан бичгүүдээр бүрэн нотлогдсон. Тавдугаарт, П.Оюунчимэг ХЭҮК-ын гишүүн болсны дараа түүний хөрөнгө нь 10 дахин өсөж 10 тэрбум болсон гэдгийг илчилсэн. Энэ нь АТГ-т гаргаж өгсөн түүний гарын үсэгтэй мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдсон. Би авлигач авгайн бузар булайг баримттайгаар илчилснийхээ төлөө уучлалт гуйна гэж хэзээ ч байхгүй. П.Оюунчимэгийн гаргасан гомдлын дагуу ЦЕГ-аас намайг шалгаад чиний нийтлэл нэвтрүүлэгт гарсан бүх баримт үнэн бөгөөд баримтаар бүрэн нотлогдож байна. Харин нэг нэвтрүүлгийн чинь гарчиг дунд “дээрэм” гэдэг үг орсон байна. П.Оюунчимэг нь дээрмийн хэргээр ял шийтгэл сонсож байгаагүй нь шүүхээс авсан лавлагаагаар тогтоогдсон тул чамайг гэм буруутай хэмээн үзэж байна хэмээн 2,000,000 төгрөгөөр торгосон хэдий ч уг хууль бус шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. П.Оюунчимэг нь ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнээр улирч ажиллахаар материалаа өгсөн боловч Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг шалгаж үзээд мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэхгүй хэмээн буцаасанд хорсохдоо намайг энэ мэтээр гүтгэсэн материалыг төлбөртэйгээр нийтлүүлэн доромжилж байгаад гүнээ харамсаж байна.