Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өчигдөр (2020.11.18) Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нарыг томилохоор баталсан.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, “УИХ-аас Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилж, олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, томилох зохицуулалт юм. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалтыг нийт 7 үе шаттайгаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын бүх үйл явц олон нийтэд нээлттэй байсан. Дэлхий нийт болон Монгол Улсад гараад байгаа коронавируст цар тахлын амаргүй цаг үед та бүхэн ажлаа хүлээн авч байгаа учир онцгойлон захих, анхааруулах зүйлс байна.
Нэгдүгээрт, Цар тахлаас шалтгаалан хүний эрхийг хязгаарлах, хорих олон шийдвэрийг Засгийн газар, Улсын онцгой комисс, хууль хяналтын байгууллагаас гаргаж байна. Энэ үед та бүхэн хүний эрхийн манаачийн үүргээ нэр төртэй биелүүлж, хүний эрхийг зөрчлийг арилгахын төлөө цаг алдалгүй хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс хэдийгээр хөл хориотой, онцгой нөхцөл байдалд байгаа ч өнөөдөр та бүхнийг ажилд нь оруулж байна.
Хоёрдугаарт, УИХ өөрийн эрх хэмжээг хязгаарлаж, анх удаа нээлттэйгээр хараат бусаар комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо. Ийм хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд эрс өөрчлөлт, шинэчлэл хийгээрэй гэж хүсэх байна. Олны итгэлийг дааж, хариуцлагатай ажиллаарай.
Гуравдугаарт, Өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссыг “шүдгүй арслан”-тай адилтгадаг байсан бол шинэчлэн баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулиар өргөн эрх, боломжийг нээж өгсөн. Хараат бусаар ажиллах нөхцөл бий болсон. Хуулийн хэрэгжилт ямар байх нь та бүхний ажлын үр дүнгээс шууд хамаарна.” хэмээгээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томилж, тамгыг нь гардуулан өглөө.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилох зохицуулалттай билээ