Н.Энхтайван:Цар тахал гадаад харилцаанд олон өөрчлөлтийг бий болгож байгаа болохоор шинэ боломжуудыг нээж ажиллана

Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ярилцлаа.

“COVID-19” цар тахал биднээс ажлын шинэ арга барилыг шаардаж байна

-Та сайдын ажлаа аваад дөрвөн сар болж байна. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа манай сонинд ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье.

-“Монголын үнэн” сонин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан сонины хамт олон болон нийт уншигчдадаа баярын мэнд дэвшүүлье. 2021 он олон тэгш ой тохиосон жил болно. МАН үүсэн байгуулагдсан, Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жил гээд олон тэмдэглэлт ойг дурдаж болохоор байгаа юм.  Энэ их ойн жилүүд биднээс илүү ихийг хийхийг шаардсан цаг үе байх болно.

-Таны намтраас төрсөн нутаг тань Завхан аймаг ч 10 жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн тухай уншлаа. Та нутаг ус, эцэг эх, гэр бүлийнхээ талаар уншигчдад танилцуулна уу?

-Аав, ээж минь хоёулаа Завхан нутгийн хүмүүс. Миний аав Нямцэрэн насаараа багш, сэтгүүлчийн ажил хийж явсан бичгийн хүн. Намайг арван жилийн сурагч, миний том ахыг оюутан байхад аав маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Ээж минь Долгоржав гэж найман хүүхэд төрүүлж өсгөсөн сайхан буурал байлаа.  Биднийг дээд боловсрол эзэмшүүлж, хоолонд хүргэж, гэр бүл, амьдралтай болгосон хүн бол ээж минь. Би нэгдүгээр ангид орох жил манайх Эрдэнэт хотод шилжиж ирсэн болохоор тэнд дунд сургуулиа дүүргэсэн. Тиймээс намайг Эрдэнэтийнх гэдэг юм.  Ээжийгээ амьд сэрүүн байхад байнга л Эрдэнэт явдаг байлаа. Миний эхнэр Энх-Амгалан хувиараа жижиг бизнес эрхэлдэг. Манайх хоёр хүү, нэг охинтой.

-Таныг сайд болоход гадаад харилцааны мэргэжлийн хүн томилогдлоо гэж хэвлэл мэдээллээр  ярьж, бичиж байсан. Та өөрийнхөө мэргэжил, боловсролын талаар товч тодруулна уу?

-Би төрийн албанд нийт 23 жил зүтгэхдээ 15 жилд нь ГХЯ-нд ажилласан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хоёр удаа томилогдон ажиллаж байлаа. Бээжингийн Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийг төгсөөд, МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйэрийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр зэрэг хамгаалсан. Миний намтрыг манай яамны сайтаас илүү тодорхой үзэж болно.

-Шинэ Засгийн газрын нэг том сорилт  бол яах аргагүй дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахал болоод байна. Энэхүү цар тахлын сөрөг нөлөөллийг багасгахад ГХЯ-ны үүрэг оролцоо их байгаа болов уу. Та ажлаа юунаас эхэлсэн бэ?

-Цар тахлын  улмаас гадаад харилцааны олон арга хэмжээ зогсонги байдалд ороод байлаа. Одоо ч мөн олон арга хэмжээ хойшлогдож, хэрэгжүүлэх боломжгүй байна. Энэ шинэ нөхцөл байдалд харилцаагаа сэргээж, идэвхжүүлэн хөгжүүлэх асуудал юу юунаас чухал гэж нэг талаас үзсэн. Гадаад харилцаагаа хэвийн байдалд оруулж эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгох, гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах шаардлага байна. Нөгөө талаас  хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэн бүрд хүрч ажиллах, эх орондоо татан авах асуудалд онцгой анхаарал хандуулсан.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 10 том зорилт тусгасан. Эдгээр зорилтын нэгдүгээрт “Гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдийхээ эрх ашгийг хамгаалж,  төрийн үйлчилгээг хүргэж ажиллахад онцгой анхаарал хандуулна” гэж заажээ. Энэ заалтын хүрээнд хийж эхлүүлсэн ажил юу байна вэ?

-Би  ажилдаа орсон даруйдаа Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин төлөөлөгч болон гадаад улсын 26 Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзахдаа, цар тахлын хүндрэл бэрхшээлтэй энэ цаг үед  тэдгээр улсад суугаа манай иргэдэд онцгой анхаарал хандуулахыг хүссэн. Гадаадын 52 улсын Засгийн газарт хандан цар тахлын үед  асуудал тулгарсан монгол иргэдэд боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж, дээрх улсуудын дэмжлэгийг авч ажиллалаа. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод болголоо. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай яриа хэлэлцээ явуулсны  үр дүнд цар тахлын улмаас хилийн чанадад гацаж, нутаг буцах зардалгүй болсон 120 орчим иргэний нислэгийн тийзийн төлбөр 140 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Эх орондоо ирэх хүсэлтийнх нь дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар  20 гаруй мянган  иргэнээ тусгай үүргийн 100  нислэгээр 91 орноос татан авсан байна.

-Аль улс орноос ямар дэмжлэг тусламж үзүүлсэн бэ?

-Гадаадад байгаа иргэн бүрд хүрэх зорилт тавьж ажилласны дараа олон зуун иргэн баярлаж талархсанаа манай яаманд илэрхийлж байна. Манай  иргэд дэлхийн өнцөг булан бүрд байдаг. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбар болон БНЧУ, Бельги,  ХБНГУ, Унгар, Австри, Нидерланд, Польш улс дахь салбарын дэмжлэг туслалцаатайгаар манай 324 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр орноос монгол иргэдийг авчрахад нийт 2.1 тэрбум төгрөг гарсан байдаг. Хятадад визийн хугацаа хэтрүүлсэн иргэдийн торгуулийн төлбөр болох нийт 665.900 юань буюу 263.3 сая төгрөгийг чөлөөлүүлсэн. Чехийн Засгийн газрын дэмжлэгээр Прага-Улаанбаатар чиглэлд тус­гай үүргийн  нислэг үйлдэж, 285 иргэний зардлыг Европын холбоо, Чехийн Засгийн газраас санхүүжүүллээ. Саудын Араб  олон сарын турш хилээ хаасны улмаас тэнд гацаад байсан таван иргэнийг  нутаг буцахад нь дэмжлэг авч чадсан.  Нигерид байсан нэг эмэгтэй, Сайпанд хөдөлмөр эрхэлж байсан таван иргэн, Сейшелийн арлуудаас нэг гэр бүлийг бид  эх оронд нь авчирлаа. Унгарын Засгийн газрын шугамаар манай 200 орчим оюутныг Унгарт хүргэж, сургуульдаа суралцах боломжийг бий болгосон.

-Худалдаа, эдийн засаг нэлээд хүнд байдалд ороод байна. Гадаадын хөрөнгө оруулалт татарлаа. Энэ чиглэлээр танай яам ямар тодорхой ажлуудыг  хэрэгжүүлж байна вэ?

-Цар тахлын улмаас  манай бизнес эрхлэгчид болон гаднын хөрөнгө оруулагчдад ихээхэн хүндрэл, бэрхшээл тулгарсан.  Иймд аж ахуйн нэгжүүдийн гадаад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортыг сэргээх, импортын гол нэрийн  бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилт тавьж ажиллалаа. Үүний үр дүнд голлох түнш орнуудтай экспорт, импортын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд хүрч, гадаад худалдаа өсөв. Тухайлбал, 2020 оны эхний хоёр сард гадаад худалдааны нийт эргэлт 1.52 тэрбум ам. доллар байсан бол есөн сарын  байдлаар 9.07 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна.  Хятадын талд асуудлыг шуурхай тавьснаар нүүрсний экспорт сэргэж, тээвэрлэлт цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрч тогтворжлоо.

“Ногоон гарц” түр журам гаргаснаар Хятад улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр саадгүй үргэлжлэх боломж бүрдсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэдийг тусгай үүргийн нислэгээр шат дараатай нэвтрүүлснээр хамтран хэрэгжүүлдэг төсөл, хө­төлбөр, бизнесийн үйл ажиллагаа гацах, зогсох асуудлаас сэргийлж чадлаа. МҮХАҮТ-тай илүү ойр ажиллаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллаж байна.

Их гүрний удирдагчдын  дараалсан айлчлал нь Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл юм

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад, Та ОХУ-д есдүгээр сарын 21-22-нд, Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад айлчлал хийлээ. Нэг сар хүрэхгүй хугацаанд гурван том айлчлал хэрэгжсэн. Үүнийг Монгол Улс дэлхийн том улсуудын анхаарлын төвд орж байна гэж ойлгох уу, эсвэл таны гадаад харилцааны салбарт ажиллаж байсан туршлага нөлөөлсөн үү?

-Өмнөх болон одоогийн шинэ Засгийн газар гадаад харилцааг идэвхжүүлэх, эрчимжүүлэхэд онц­гой  ач холбогдол өгч байсны  үр дүн юм. ГХЯ-ны хамт олны зөв, зохион байгуулалттай ажлын үр  дүн ч гэж хэлж болно. Дээрх орнуудтай манай улс хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан айлчлал хэрэгжүүлэх нь гадаад харилцаанд чухал байр суурийг эзэлнэ.  Цар тахалтай давхцаад сүүлийн үед олон улс, бүс нутгийн гадаад харилцаанд огцом өөрчлөлтүүд бий болж, илүү ойлголцох шаардлагатай асуудлууд нэмэгдэж, харилцаагаа идэвхжүүлэх шаард­лага чухлаар тавигдаж байна. Шинэ Засгийн газар, шинэ сайд гадаад харилцаандаа ямар  бод­лого хэрэгжүүлж байгааг олон улс анхаарч судалж байгаа. Гадаад бодлогын үзэл баримтлалд “Мон­гол Улс нь ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь  гадаад харилцааны бодлогын  эн тэргүүний зорилт мөн” гээд заасан байдаг. Мөн гуравдагч хөрш гэж нэрлэгддэг АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг орон Европын холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан. Том орнуудын өндөр, дээд албаныхны айлчлал богино хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа нь Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, байр суурь сайн байгаагийн илрэл гэж үнэлж болох юм.

-Эдгээр айлчлал улс төрийн өндөр ач холбогдолтой байсан нь ойлгомжтой. Харин эдийн засгийн ямар үр өгөөжтэй байсан бэ. Тухайлбал, Ван И сайдын айлчлалын үеэр ямар асуудлаар тохиролцож чадав?

-Ван И сайдын айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх баримт бичгийг баталгаажууллаа. “Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичгийг солилцсон. Ингэснээр Хятад руу төмөр замаар гарах гарц гурав, авто замын гарц нэгээр нэмэгдэх боломж бүрдлээ. Олон жил яригдаж байсан асуудал ийнхүү шийдэгдсэн. Гадаад харилцааны яамд хооронд 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд эдийн засаг, худалдааны чиглэлээр хийх маш олон ажлыг тусгасан. Монгол Улсаас гурил экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Протокол байгууллаа. Энэ нь хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд хийж буй том алхам юм. “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл” болон “Ногоон нуур-1008 айлын орон сууцны хорооллын төсөл”-ийн хэрэгжилтийг түргэтгэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг шуурхай эхлүүлэх талаар тохиролцсон. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, “Ногоон гарц” журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг ч ярьсан. Баруун бүсийн аймгуудын мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, үхэр, хонины мах, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох ажлыг урагшлуулах зэрэг ажлыг тохиролцлоо.

-Та ОХУ-д хийсэн айлчла­лынхаа үеэр Гадаад харилцааны сайд С.Лавровоос гадна өөр  хэд хэдэн салбарын сайдтай уулзалт хийж хамтын ажиллагааны асуудлыг ярилцсан. Энэ талаараа илүү тодруулна уу?

-Миний ОХУ-д хийсэн айлчла­лын үеэр  “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын Гэрээ”-ний батламж жуух бичигт гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Олон улсын эрх зүйн практикт байдаг, итгэлцлийн хамгийн дээд түвшний гэрээ ийнхүү хэрэгжиж эхлээд байна. Энэ нь улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд үндсэн суурь баримт бичиг болж байгаа юм. Мөн ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулж тавих  асуудлыг урагшлуулах чиглэлээр ярилцлаа. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеев,  ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн худалдааны асуудал хариуцсан гишүүн (сайд) А.А.Слепнев нартай  хийсэн уулзалтын үеэр  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Ирэх онд Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлж ажиллахаар тохиролцлоо. Мөн 2021 оныг “Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлахаар ярилцсан.

-Япон улсын Гадаад хэргийн сайд Мотегийн албан ёсны айлчлалын үеэр 25 тэрбум иен буюу ойролцоогоор 230 гаруй сая ам.долларыг  жилийн 0.01 хувийн хүүтэй зээлээр олгох гэрээнд гарын үсэг зурсан. Эдийн засгийн чиглэлээр тохиролцсон  бусад асуудлаас товчхон дурдана уу?

-Монгол, Японы хооронд байгуул­сан “Эдийн засгийн түншлэ­лийн хэрэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хоёр орны худалдааны хэмжээ 2019 оны дүнгээр 600 сая ам.доллар болсон хэдий ч манай экспорт маш бага хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр талын худалдаанд манай алдагдал их байна. Тиймээс худалдааны алдагдлыг багасгах чиглэлд анхаарч ажиллахаар тохиролцлоо. Японы дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт, ноу-хауг оруулах, “Говь” шиг томоохон үйлдвэр байгуулах талаар  ярилцсан. Мөн удаан хугацаанд болон бизнесийн зорилгоор зорчих иргэдийн визийн горимыг хөнгөвчлөх болсноо японы тал мэдэгдсэн нь манай худалдаа эрхлэгчдэд таатай мэдээ байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Мотеги сайд бараалхах үеэр хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар маш тодорхой ярилцсан.

-Хятад, Орос, Японы төр, засгийн удирдагчдын албан ёсны   айлчлалуудыг нэгтгээд дүгнэж хэлнэ үү?

-Улс орнууд хорио цээр тогтоосон цар тахалтай хүнд үед гадаад айлчлал, арга хэмжээг амжилттай зохион байгуулж болдгийг олон улсын түвшинд харууллаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тэргүүлсэн өмнөх болон одоогийн Засгийн газрын гадаад харилцаанд хөрш хоёр орон, мөн гуравдагч хөрш өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болсон. Олон улс, бүс нутгийн хэмжээнд шинэ Засгийн газрын гадаад бодлогыг илүү тодруулж харуулж чадлаа. Гуравдагч хөршийн хувьд АНУ Монгол улстай гадаад харил­цаандаа өндөр ач холбогдол өгч Төрийн нарийн бичгийн дарга Помпео ирэхээр товлогдсон бай­сан боловч тодорхой шалтгаа­ны улмаас хойшлуулсныг та бүхэн мэдэж байгаа. Дээрх айлч­ла­луудын үеэр улс төрийн итгэлцэл, түншлэлийн харилцаагаа бэх­жүүл­лээ. Худалдаа, эдийн зас­гийн хамтын ажиллагааны асуудлуу­даар санал солилцож, тодорхой ажлуудыг хийхээр тохи­ролц­сон. Гадаад харилцааны яамд хоо­рон­дын харилцаа болон бу­сад салбарын харилцаа, хамтын ажил­лагаа цар тахлын энэ үед улам идэвхтэй боллоо гэж дүгнэж байна.

НҮБ-д гишүүнээр элссэн нь манай улсын түүхийн томоохон үйл явдал мөн

 -НҮБ-ын 75 жилийн ой энэ онд тохиож байна. Тус байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улсад ямар үйл ажиллагаа  зохион байгуулж байна вэ?

-Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэн орсон нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулсан түүхэн үйл явдал болсон. Бид одоо НҮБ-ын гишүүн 192 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Манай яам НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй хамтран  аравдугаар сарын 24-ний өдөр   НҮБ-ын 75 жилийн ойн арга хэмжээг яаман дээрээ зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хуралдаанд цахимаар оролцон үг хэлж, олон улсын харилцааны асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж,  гадаад бодлогын зорилт, чиглэл, цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан. Олон улсын энхтайвныг хамгаалах, энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх  зэрэгт манай улсаас оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлдгийг хэлэхийг хүсэж байна.

-Танай яам олон улс, бүс нутаг, хоёр талын хурал, уул­залт, сургалт семинар зэрэг арга хэмжээг цахим хэлбэрээр тас­ралтгүй зохион байгуулж байна.  Цаашид гадаад харилцааг илүү цахимжуулах боломж бий юу?

-Төрийн гурван өндөрлөгийн гадаад харилцааны чиглэлээр хийж буй ажил цахим хэлбэрээр явагдаж байна. Цар тахал гарснаас хойш хоёр талын өндөр, дээд түвшинд нийт 48 уулзалт, арга хэмжээг зохион байгуулжээ. Миний бие Турк, Өмнөд Солонгос, Унгар, Саудын Араб зэрэг улсын Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга зэрэг  албаны хүмүүстэй цахим уулзалт, хурал зохион байгуулсан. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны газрын даргын хэмжээнд уулзалт, яриа хэлэлцээг цахим хэлбэрээр тогтмол хийж байна. Мэдээж биечлэн уулзаж ярилцах, цахимаар хуралдахын хооронд  ялгаа их байдаг ч ажил хэвийн сайн явж байна. НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний, БНХАУ-ын талтай Дэд сайд нарын түвшний стратегийн яриа хэлэлцээний, АСЕАН-ын орнуудын бүсийн чуулга уулзалт (АРF), Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх, Монгол, Туркийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалт зэрэг олон арга хэмжээг цахимаар зохион байгуулсан нь амжилттай боллоо.

-Эдийн засгийн гадаад ха­рил­цааг өргөжүүлэх, худал­даа хөрөнгө оруулалтыг нэмэгдүү­лэх, боловсронгуй болгох хү­рээнд Та Гадаад харилцааны сайд болсноосоо хойш хийсэн ажлаасаа танилцуулна уу?

-Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил эхэллээ. ОХУ болон Евразийн гишүүн орнуудад манай бүтээгдэхүүнийг экспортлох  асуудалд анхаарч байна.  Бид Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрийн гишүүн болсон.

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдааныг “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр зохион байгуулж, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, мөрдөн ажиллахаар тогтлоо. Хөрш орнуудтай хийж буй худалдааны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. Энэ ялдамд Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийг нэн даруй байгуулах шаардлага байгааг хэлье. Манай яам холбогдох эрх зүйн баримт бичиг дээр ажиллаж байна.

-Гадаад харилцааны салба­рын хууль, эрх зүйн орчин ямар түвшинд байгаа вэ. Цаашид боловсронгуй болгох, сахилга хариуц­лагыг дээшлүүлэх чиглэ­лээр ямар ажил хийж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны есдүгээр сарын 7-ны өдөр ГХЯ-ны үйл ажиллагаатай танилцаж, нийт хамт олонтой уулзаж үүрэг чиглэл өгсөн. Сахилга хариуцлагыг сайжруулах шаардлага байгаа. Ер нь гадаад бодлого хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийх ажлаа тодорхой болгох шаардлага ч бий. Гадаад худалдааны бодлогын баримт бичгийн төслийг холбогдох хуулийн төслийн хамт боловсруулах ажил эхлээд явж байна. Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх, Гадаад харилцааны нэгдмэл бодлогын хууль гаргахаар бид ажиллаж байгаа юм. Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн байдлаар зохицуулах тухай хуулийн  судалгааг хийж, танилцуулга, үзэл баримтлалыг боловсруулаад байна. “Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалтыг нийт яам, агентлагийн удирдлага болон яамдын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан. Одоо энэ сургалтыг орон нутгийн түвшинд удахгүй явуулна.

Шинээр гадаад оронд томилолт авсан бүх ажилтныг сургалтад хамруулж, хилийн чанадад ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэх, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, сахилга хариуцлагыг хууль, журмын дагуу чанд сахих талаар сануулдаг тогтолцоонд шилжиж байна. “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  “Дипломат албанд сахилга, хариуцлагыг эрс нэмэгдүүлж, хар тамхи тээвэрлэх болон хууль бус бусад аливаа үйлдлийг таслан зогсооно” гэсэн зорилт тусгасан. ГХЯ-ны албан хаагчид болон хилийн чанадад суугаа ДТГ-ын нийт бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хувийн ашиг сонирхлоос ангид байх, хариуцлага алдсан албан хаагчдад хатуу хариуцлага хүлээлгэх тухай чиглэл өгсөн. Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм байдаг.  Түүнийг дипломат бүх ажилтан чанд мөрдөж ажиллах үүрэгтэй.

-Монгол Улсаа гадаад ертөнц, олон улсад таниулан сурталчлах нь танай яамны эн тэргүүний ажлыг нэг хэсэг байдаг байх. Энэ талаар хийж байгаа ажлаасаа танилцуулбал…?

-Монгол Улсын соёлын элч нарын II чуулга уулзалтыг ГХЯ-нд өнгөрсөн есдүгээр сарын 11-нд цахимаар зохион байгуулсан. Нийт 57 соёлын элч бий.  “Дэлхийн монголчууд II” арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгээд байна.

Гадаад харилцааны яам иргэд, ард түмэндээ илүү нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлж, “Мэдээллийн цаг” арга хэмжээг 14 хоног тутам зохион байгуулдаг.  “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд ГХЯ болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудсыг шинэчилж байна. Гадаад харилцааны яамыг оюутан залууст танилцуулах хүрээнд “Нээлттэй ГХЯ” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлэх, эх орныхоо нэр хүндийг өсгөх үүднээс “Монгол үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төслийг бэлтгэн эрдэмтэн судлаачдын саналыг авах үүднээс олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар бэлтгэж байна.

-Манай улсын гадаад бодлогын нэгдмэл байдал хэр хангагдаж байна вэ.  Төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “нэг цонх”-ны зарчим хэрэгжиж байгаа юу?

-Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал юм. Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “нэг цонх”-ны зарчмыг баримтлахад чиглэсэн шийдвэрийг удаа дараа гаргаж ирсэн.

Төв, орон нутгийн зарим албан тушаалтан ямар ч зохицуулалт, зөвшөөрөл, удирдамжгүйгээр гадаадад айлчлах, гадаадын албаны болон бизнесийн хүмүүстэй ажил төрлийн уулзалт хийх, зээл тусламж хүсэх, үндэсний ашиг сонирхол болон улс хоорондын харилцаанд хор хохирол учруулахуйц зүйл ярих асуудал гарч байна.  Гадаад харилцааны яамтай зөвшилцөлгүйгээр янз бүрийн асуудлаар гэрээ, протокол байгуулах явдал ч мэр сэр гарсан. Энэ  нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг алдагдуулж, төрийн нууц, улмаар үндэсний аюулгүй байдалд ч хор хохирол учруулах эрсдэл дагуулж байгаа юм. Үүнээс үүдэн гадаад харилцааны асуудлаар зөвшөөрөлгүй гэрээ хэлцэл байгуулсан, гадаад харилцаанд сөрөг үр дагавар бий болгох нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бий болгох шаардлага үүсээд байна. Үүнийг цэгцлэх зорилгоор Монгол Улсын төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. Удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж батлуулах бодолтой байна.

-Ойрын ирээдүйд манай улсын гадаад харилцаанд ямар шинэ өөрчлөлтүүд бий болно гэж харж байна вэ?

-Дэлхийн улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсөж, олон улсын харилцаанд зарчмын томоохон өөрчлөлтүүд гарч, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхийн томоохон улс хоорондын үл ойлголцол нэмэгдэж, зөрчилдөөн бий болж байгааг бид хардаг, сонсдог. Үүний зэрэгцээ манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Иймд гадаад бодлогыг улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлэх, таатай гадаад орчинг бүрдүүлэх асуудал ихээхэн чухал байгаа юм. Монгол Улсын хөгжлийн бодит хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад бодлого чухал үүрэгтэй. Манай улс олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг.  Эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ бүгдийг анхаарч гадаад харилцааны бодлогоо илүү оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах болно.

Эх сурвалж:Монголын Үнэн сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …