Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна.
Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. Цагдаа нар хэргийн газрын үзлэгээр хоёр ширхэг хутга илрүүлэн хурааж, амь хохирогчийн нөхөр болох Т-г сэжигтнээр саатуулан, шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач нь өөрийн амь насыг хамгаалахын тулд тэмцэж байсан ул мөр цогцсоос илэрсэн бөгөөд хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалуулсан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас амь насаа алдсан гэж албаныхан үзэж байгаа аж.
Хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.