Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх,
– Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах ,
– Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юмуу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэ жард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.
–Хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.
– Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.
– Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм-төрийн байгууллын болон иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэл орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ хэлэлцсэн юм.
Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна.
Аливаа асуудал мөн шалтгаантай, бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид бас мартах учиргүй ээ.
-Өнөөдөр Монгол Улсад нийтдээ 520 гаруй шүүгч ажиллаж байна. Эдгээр шүүгчид эрх тэгш байж, ямар ч болзол шалгуургүйгээр саналаа илэрхийлж дотоод асуудалдаа оролцох эрх, боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Үүнийг би өргөн мэдүүлсэн төсөлдөө бүрэн хангаж, тусгасан болно. Ялгааг нь олж хараарай.
– Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй гэдгийг хэлье.
– Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй гэдгийг хэлье.
– Улсын Их Хурлын сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь. Үүнийг би эрс эсэргүүцэж байна.
–Шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой гэдгийг хэлье.
– Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бяралхдаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.