Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж энэ сарын 7-8-нд Индонезийн Балид зохион байгуулагдсан “Балийн ардчиллын форумын YI хуралдаан”-д оролцлоо. “Олон бүрдэлт нийгэмд ардчиллыг бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдвээр хуралдсан Балийн ардчиллын форумын энэ жилийн хуралдаанд дэлхийн 86 орон, олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид оролцож, Засгийн газрууд ардчилал, ардчилсан институциудаар дамжуулан ард түмнийхээ төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө юу хийж бүтээж болох талаар хэлэлцэж, туршлагаа хуваалцав.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж форумын ерөнхий хэлэлцүүлэг дээр үг хэлэв. Тэрээр дэлхийн том ардчиллын нэг, хамгийн том лалын орон болох Индонези нь ардчиллын асуудлаарх олон улсын чухал үйл явц болон өргөжиж байгаа Балийн ардчиллын форумыг санаачилж 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буйг онцлоод энэхүү санаачилгыг Монгол Улс засаглалын бүх чиглэлээр дэмжин оролцож ирснийг тэмдэглэлээ. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онуудад даргалаад өнгөрсөн 4 дүгээр сард Хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулснаар халаагаа өгснийг дурдаж, улс орнууд ардчиллын суурь зарчмууд дээр санал нэг байдаг ч тэдгээрийг хэрэглэх үед орон бүр өөр өөр сорилттой тулгарч, өөр өөр соёлоор хандаж, хөгжлийн өөр өөр түвшинд оршиж байдаг талаар санал бодлоо илэрхийллээ. Тэрээр лалын шашинтай, олон соёлтой, дэлхийн 15 дахь том эдийн засагтай Индонези улсаас аль ч тивийн бусад орон сурч, шинээр ардчилалд орж байгаа орон түшиж болох сайн сайхан зүйл цөөнгүй байгааг дурдаад энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар Нарийн бичгийн дарга нарын газар нь Жакарта хотод байрладаг АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгчөө томилоод байгаа, улмаар өөрийн ЭСЯ-аа тус улсад нээх гэж байгааг тэмдэглэлээ.
УИХ-ын дэд дарга хуралдааны үеэр Индонезийн Гадаад хэргийн сайд, Солонгос, Тайланд, Чех, Иран, Непал, АНЭУ, Зимбабвегийн Гадаад хэргийн дэд сайд, Сингапурын Батлан хамгаалахын дэд сайд, АНУ, Шинэ Зеланд, Унгарын парламентын гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж форумын үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо солилцлоо.
Балийн ардчиллын форумын YI хуралдаанд УИХ-ын дэд даргын хамт Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж оролцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийтттэй харилцах хэлтэс мэдээлэв.