УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн.
Гишүүдийн зүгээс, монголын төмөр замын байгууллага өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв. Гэвч шаардлага хангахуйц хуулийн төсөл боловсруулаагүй, төслөө УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч чадаагүйд харамсч буйгаа илэрхийлэв.
Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхолоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлсэн.
Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр Хилийн тагнуулын алба , Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ.
Одоогоор хил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ.
Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.
Хуулийн төслүүдээс гадна Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцов. Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан.Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.