Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Өнөөгийн нийгэмд үүсээд буй олон асуудал үүнээс үүдэлтэй байх магадлалтай гэдгийг тэрбээр тайлбарласан. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь 15-35 насны залуус байгаа талаарх тоон мэдээлэл ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзэж байгаагаа, мөн олон судалгаа ийм дүгнэлтэд хүрсэн байдгийг хэллээ.

Төсөл санаачлагчид төслийн талаар салбарын яамтай санал солилцсон байна. Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа бөгөөд төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн агуулгыг багтаан, нэгтгэх боломжтой хэмээн зөвшилцсөн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Бусад улс оронд энэ төрлийн хууль байдаг эсэхийг, одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд энэ асуудлыг хэрхэн тусгасан байдгийг Г.Дамдинням гишүүн тодрууллаа.

АНУ, Канад Улсын зарим сургууль, БНСУ-ийн бүх шатны сургуульд хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол олгох буюу хувь хүний төлөвшлийн асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа.

Х.Ганхуяг гишүүн хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг олгох асуудлыг хуульчлах нь оновчгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд хэн энэ төрлийн боловсрол олгох үүрэг хүлээх талаар асуулаа. Өдгөө 640 мянган хүүхэд ЕБС-д суралцаж, 32 гаруй мянган багш ажиллаж байгаа бөгөөд шинээр батлагдах боловсролын хөтөлбөртөө хуулийн төслийн агуулгыг зайлшгүй тусгах шаардлагатай, түүнчлэн багш нарыг давтан сургах хөтөлбөрүүдэд ч энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг хариултыг Л.Энх-Амгалан гишүүн өгөв.

Хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ) олгох, хувь иргэнийг төлөвшүүлэх асуудал боловсролын хөтөлбөрүүдэд зохих хэлбэрээр тусгах нэн шаардлага бий гэдгийг Б.Жаргалмаа гишүүн илэрхийлээд, харин бие даасан хууль батлахгүйгээр, боловсролын салбарын багц хуулийг өргөн мэдүүлсэн тохиолдолд нэгтгэх нь зүйтэй гэлээ. 

Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

    Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт заавал үзэх хэлбэрээр Иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөр байгаа гэлээ.

Хүүхдийг хувь иргэн болгон төлөвшүүлэх зорилготой дээрх хичээл сургалтын хөтөлбөрт тусгагдаад 10 гаруй жил болж байгаа, сонгон суралцах хичээл байсныг 2019 онд заавал үзэх хичээл болгосон байна. Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаагаар ахлуулсан том баг ажиллаж, 5 сурах бичиг бүхий “Монгол ёс, хүмүүжлийн хичээл” хэмээх сургалтын цогц хөтөлбөр боловсруулсныг бага ангидаа өнөөдөр заавал судалж байна.

Одоо дунд, ахлах ангийн хөтөлбөрүүдийг боловсруулж байгаа бөгөөд төсөлд тусгагдсан бүх агуулга бий гэдгийг хэллээ. Салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй багийн боловсруулсан, дөнгөж хэрэгжүүлж буй хөтөлбөр, агуулгыг ойр ойрхон өөрчлөх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлэв.

ЕБС-ийн хүүхдүүдийн долоо хоногийн хичээлийн цаг хязгаартай, үүнд нь олон төрлийн хичээл багтаах ёстой гээд хэт олон хөтөлбөр оруулаад, хүүхдүүдийн ачаалал нь хэт их байгаа учраас харин ч хичээлийг цөөрүүлэх асуудлыг хөндөх шаардлагатай байгаа гэлээ. Багш нарт хөтөлбөр, журам, дүрмээр олон төрлийн үүрэг хүлээлгэж, анкет, бичиг цаас бөглүүлдэг нь хэт их ачаалал үүсгэдэг учраас үүнийг багасгах саналыг багш нар байнга хэлдгийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хэлж байв. Мөн хүүхдүүдэд олон улсын жишигт нийцсэн боловсролын үндэсний тогтолцооны хөтөлбөрөөр бүх шатны боловсрол олгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, хэлэлцэж буй төслийн агуулгыг боловсролын багц хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ч.Ундрам нар төслийн  хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Боловсролын шинэчлэлийн асуудлыг тус Байнгын хорооноос дэвшүүлж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлтийг хийхээр улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгсөн. Өнгөрсөн нэг сарын турш СӨБ, ЕБС-ын боловсролын асуудлаар бүх талын оролцоотой цахим хэлэлцүүлэг явагдаж, өнөөдөр дуусч байгаа гэв. 

Ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цаг орон даяар боловсролын салбарын цахим хэлэлцүүлэг болох бөгөөд Ерөнхий сайд оролцох юм байна. Эдгээр арга хэмжээний дараа Улсын Их Хурал дээр боловсролын салбарын асуудлыг танилцуулж, холбогдох хэлэлцүүлэг зохион байгуулсны эцэст төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

    Дараа нь Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …