“Шилүүс” богино хэмжээний кино АНУ-ын “Санданс”кино наадамд шалгарлаа

Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний кино Америкийн Нэгдсэн Улсын “Санданс” кино наадамд шалгарсан тухай кино багийнхан мэдээллээ.

ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр Урлагийн Дээд Сургуулийн багш СТА П.Мөнх-Од нар чадварлаг тогложээ.

Уг бүтээлийн зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийсэн байна.

Найруулагч, продюсер П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний киноны гаргасан амжилтууд:

-2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгарсан

-Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан

-Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон Лондон Олон Улсын Кино наадам, “Louis le Prince- Лийдс Принс” , “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт тус тус шалгарсан билээ.

Сонирхуулахад киноны найруулагч П.Лхагвадуламын хувьд Турк улсад кино найруулагчийн мэргэжил эзэмшиж, МҮОНРТ-д Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн туслах найруулагчаар уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй нэгэн.

Тэрбээр кино зохиолын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд одоо Португалийн Лиссабон хотод дээрх чиглэлээр докторын зэрэг горилж байна. “Шилүүс” кино П.Лхагвадуламын гурав дахь богино хэмжээний бүтээл юм.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …