УИХ-ын дарга З.Энхболд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай өчигдөр /2013.11.11/ танилцлаа. Төрийн албаны зөвлөл нь НҮБ-аас хэрэгжүүлсэн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих” төслийн хүрээнд төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд боловсруулан 2011 оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлжээ. Ингэснээр зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл програмд шивэгдэн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлэгддэг болж байгаа юм байна. УИХ-ын дарга З.Энхболд Төрийн албаны шалгалт өгч байгаа иргэд олон нийтийн дунд хардалт сэрдэлт их байдаг тухай хэлээд энэ асуудлыг хэрхэн иргэдэд ил тод, ойлгомжтой болгож байгаа талаар тодруулсан юм.
Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариулахдаа, шинээр ашиглаж эхэлсэн энэхүү программ нь бүртгэл, сорилын сан, шалгалтын бүх үйл ажиллагааг цогцоор нь шийдсэн бөгөөд интернэтийн орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсанаараа төрийн албанд орохоор өрсөлдөж буй иргэд олон нийтэд ил тод, ямар нэгэн хардлага сэрдлэгэ төрүүлэхгүй байх бүхий л нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар танилцуулав.
УИХ-ын дарга Төрийн албанд орох мэргэшлийн шалгалтыг хүний оролцоогүй авдаг, дүгнэдэг, дор нь дүнг нь зарладаг цахим системтэй болсныг сайшаагаад, цаашид шалгалтын асуултаа нэмэгдүүлэх, хуулийн асуултуудыг цээжлүүлдэг биш ойлгуулдаг байхаар оруулж өгөх хэрэгтэйг санууллаа. Мөн энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны институт нээлтээ хийлээ.
Тус институт нэг ээлжиндээ 40-50 хүний сургалт явуулах танхимтай, 15-20 хүний суудал бүхий зөвлөх үйлчилгээний танхимыг шинээр нээж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний танхимаар аймаг, нийслэл, яам, агентлаг төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг хүлээн авч зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон ном гарын авлага материалаар хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тусгай дугаар ажиллуулан цахим мэдээллээр хангаж ажиллах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.