Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөнөөс 120 гаруй сая төгрөг завшсан гэх Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг албан үүрэгтээ хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгөөс завшсан үйлдэл нь тогтоогдоогүй гэж үзэн дээрхи торгуулийг оноосон байна.
Хэргийн тухай эргэн сануулахад, тэднийг төрийн албан хаагчдын 5 давхар орон сууцыг 4 давхар болгон бариулж, улмаар төсвөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-аас 2011 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийг өмнө нь буюу өнгөрсөн оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Засаг дарга асан Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих, Д.Батсайханы албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, хоёр жил хорих ял оногдуулж байсан. Гэвч тэд анхан шатны шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд давж заалдсанаар хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.
Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдлээ ашиглан хувьдаа завшисан хүмүүсийн хэрэг ийнхүү хоёр жил гаруй хугацаанд сунжирсны эцэст тус бүр 10 саяын торгууль төлөөд л хариуцлагаас мултрах болж байгаа нь харамсалтай юм.