“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр ажиллагаанд залгалаа. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хүчин чадлын үр дүнд 89 МВт-аар нэмэгдэж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эрчим хүчний салбар үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн суурь салбар. Засгийн газар улс орныхоо хэрэглээний эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах зорилт тавьж ажиллаж байгаа. Манай улс эрчим хүч, нефть шатахуун, хүнсний бүтээгдэхүүнээр эх орноо хангах ёстой. IV цахилгаан станцыг 89 мВт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил албан ёсоор дуусаад хүлээж авч байна. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг IV цахилгаан станц хангадаг. Зүйрлүүлж хэлбэл 10 аймгийг эрчим хүчээр хангах нөөц хүчин чадал бий болж байна. 120 айлын 150 орон сууцыг дулаанаар хангах боломж нөхцөл шинээр бий болж байна. Засгийн газраас коронавирус цар тахлын үед айл өрх аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг төр хариуцах болсонтой холбоотойгоор цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг найдвартай давж гарах нөхцөл бүрдлээ. Хэд хэдэн томоохон дулаан цахилгаан станцаа ирэх дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Энэ бол улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь болно. Үүнийг шийдэхгүйгээр улс орон хөгжинө гэдэг хэцүү. Дотоодын эрчим хүчнээ улс орноо хангах ёстой. Энэ ажлууд төлөвлөсөн хугацааны дагуу хэрэгжинэ. Энэ хавраас ажил эхэлнэ. Энэ хавар цар тахлыг хүн төрөлхтөн амжилттай давна гэж найдаж байгаа. Тиймээс төлөвлөсөн том ажлууд цаг хугацаандаа эхлээд явна.
“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг: Дулааны цахилгаан станц 89 мВт-аар нэмэгдэнэ гэдэг бол үндсэндээ 10 аймгийг цахилгаан дулаанаар хангах хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг юм. Төслийн хүчин чадал нэмэгдсэнээр “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” –ийн хүчин чадал нэмэгдэж 63 хувьд хүрч байна. Оройн их ачаалал 740 мВт байна. Бид 789 мВт цахилгаан станц ачаалах чадвартай.
Эрчим хүчний сайд Тавинбэх: Хүчин чадал нэмэгдүүлсэн хэмжээгээр импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурч байгаа. Манай улс ОХУ-аас 250 орчим мВт цахилгаан эрчим хүч импортолдог байсан. Энэ өргөтгөлийг ашиглалтад оруулснаар импортоор авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ хоёр дахин буюу 110 орчим мВт-аас хэтрэхгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Дулааны цахилгаан станц 4-ийн хүчин чадлыг 89 мВт-аар өргөтгөхөөр тусгасан байсан. Бид богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Бид нэгдүгээр сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэл ажил хангасан. 12-нд зарлана. Оюутолгой 100 хувь цахилгаанаа гаднаас авдаг. Импортоор авдаг цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг Оюутолгой авдаг. Тавантолгойн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор бид Оюутолгойг дотроосоо бүрэн хангах боломжтой болно.