УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ.
Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа дөнгөж сая УИХ дийлэнх олонхиор эцэслэн баталлаа.
Шүүхийн тухай хууль бол 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн гол хуулиудын нэг юм.
Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг.
Тийм учраас Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн юм.
Монгол улсад шударга ёсыг бий болгох үйлсэд сэтгэл гарган оролцож, Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн сонгогч түмэндээ, хуулийн төсөлд саналаа өгсөн, гар бие оролцсон залуучууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, УИХ-ын гишүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье!
Монгол улсад шударга ёс тогтож, Монгол төр мандан бадрах болтугай” хэмээн сошиал сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.