УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2021.01.18/ Төрийн ордон мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан шаардлага хүргүүлжээ.
ҮАБЗ-Д ХҮРГҮҮЛСЭН АЛБАН ШААРДЛАГА
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас гадаадын олон оронд манай улсын цөөнгүй иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их бэрхшээлтэй тулгарч буй нь БНСУ-аас эх орондоо ирэх тийзээ хэдийнээ захиалсан нэг мянга гаруй иргэний асуудал юм.
Өнгөрсөн хугацаанд онцгой комиссын ажилд шууд оролцохгүйгээр холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлж хүлээцтэй хандаж байсан боловч харамсалтай нь дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй, нэг жил боллоо.
УОК-ын төлөвлөгөөт нислэгүүд хуваарь тодорхой бус байгаа нь иргэдийг улам ихээр бухимдуулж, цөхөрсөн хүлээлт үүсгэж байна. Сөүлд байгаа манай иргэд орон байргүй, амьжиргааны зардалгүй, визийн зөрчилд хүрсэн, сэтгэл санааны дарамтад орсон зэргээс өлсгөлөн зарлаж, суулт хийжээ. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын олон иргэн суулт хийсэн гэсэн мэдээлэл бидэнд ирүүлсээр байна.
Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэнийг ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заажээ. Иргэд эх орондоо орж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах тохиолдол ч гарсан нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Төрийн эн тэргүүний үүрэг нь иргэний эрхийг хангах, аюулгүй байдлыг хангах тул Засгийн газар, ҮАБЗ энэ үүргээ биелүүлмээр байна.
Иймд дараах шаардлагыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ үү:
- Эх орондоо буцах хүсэлтэй шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авах;
- Буцах өдрөө хүлээж байгаа иргэдэд хоол хүнс, орон байр болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн иргэдэд учруулсан хохирлоо Засгийн газар барагдуулах;
- Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлж, төлөвлөх боломжийг олгох;
Дээрх шаардлагуудыг хэлэлцэн шийдвэр гарган, шуурхай ажиллахыг шаардаж байна!