Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал, цуглаан зохион байгуулахад оролцсон гэх асуудлаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнөөдөр /2021.01.22 /Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр“Монгол Улсын Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 20-ний өдөр тайван жагсаал болсон. Уг жагсаалыг зохион байгуулсан байж болох хүмүүсийн дунд миний нэр орсон байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Би Ардчилсан Монгол Улсад амьдарч буйн хувьд ямар баримтад үндэслэн намайг уг хэрэгт холбогдуулсныг асуух нь зүйн хэрэг. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшсэн. Би өнгөрсөн хугацаанд үзэл баримтлалаа өөрчилж, ялсан талд очиж үзээгүй. Би хуультай улсад амьдарч байна гэж итгэж байгаа.
Тухайн жагсаалд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, сонгуулиар МАН талд ажилласан Б.Цэцэг, ХҮН-ын дарга Т.Доржханд нар ч тэнд лайв хийгээд явж байсан.
Миний дүгнэснээр бүх намын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлэхээр цугларсан байсан. Ерөөс ард түмэн өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн гэж харж байгаа. Тэгэхээр үүнд Ерөнхийлөгч болоод ЕТГ ямар ч оролцоо байхгүйг батлан хэлж байна.
Иймд нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор шүүхэд хандаж байна.
Эцэст нь ЕТГ ямар ч хамааралгүй, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд бүр ч хамааралгүй гэдгийг хэлье”гэж мэдэгдлээ.