УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга“Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.
Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно”гэв.
Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. Тухайн үед гадаадад мөнгөө байршуулсан байсан бизнесменүүд мөнгөө оруулж ирсэн. Оффшор данснаас нэг ч төгрөг орж ирээгүй. 17 тэрбум ам.доллар оруулж ирж өрийг нь дарна гэсэн амлалтандаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Ард түмэнд худлаа мэдээлэл өгч болохгүй Ерөнхийлөгч өө”гэсэн тайлбарыг өглөө.